БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийг барих, өргөтгөхтэй холбоотой 105 төслийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний 27 нь сургууль, 67 нь цэцэрлэг, зургаа нь спорт заал, дөрөв нь бага сургуулийн цогцолбор барих, өргөтгөх төсөл.
Цэцэрлэгүүдийн өргөтгөлийн ажлын явцтай өнөөдөр БСШУСЯ-ны төлөөлөл газар дээр нь очин танилцаж байгаа юм. Энэ хүрээнд Баянгол дүүргийн VI хороонд байрлах 114 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажилтай танилцав.
Барилгын ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1-нд өргөтгөлийг ашиглалтад өгөх байсан ч энэ жил барилгын ажил их байгаатай холбоотойгоор барилгын материал хүлээлттэй байгаа тул наймдугаар сарын 25-н гэхэд ашиглалтад өгнө хэмээн 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хариуцан ажиллаж буй н.Баясгалан дурдав. Цэцэрлэгийн өртгөлийн ажилд 21-22 хүн 08:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд бохир, дулааныг шийдэх асуудал хүлээлттэй байгаа гэнэ.
114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Сарантуяа: Манай цэцэрлэгт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг. Нийт 280 хүүхдийн хүчин чадалтай ч 12 бүлэгт 535 хүүхэд суралцдаг.
Өргөтгөл ашиглалтад орсноор 815 хүүхэд суралцахаас гадна манай хорооны 2-5 настай нийт хүүхдүүдийн 90 хувь нь төрийн өмчийн цэцэрлэгт бүрэн суралцах нөхцөл бүрдэх юм.
Манай цэцэрлэг 1987 онд ашиглалтад орсон бөгөөд дээвэр муудсанаас бусдаар бол засвар үйлчилгээний асуудал байхгүй. Энэ жил цэцэрлэгийн дээврийг засах хөрөнгө мөнгө шийдэж өгөөгүй байгаа.