Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, үүндээ улс төрийн өндөр албан тушаалтнууд (Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал.Сур), садан төрөл, найз нөхдийг татан оролцуулж гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр хоёр ч удаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод гаргасан билээ.
Улмаар Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин зэрэг арав гаруй хүнийг гэм буруутай байж болзошгүй гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган, Үндэсний их баяр наадмын өмнөхөн Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Олны анхааралд байгаа энэ хэрэг намар шүүхээр шийдвэрлэгдэнэ гэсэн мэдээлэл байна.