Энэ талаар Шинэ Дели хот дахь Анагаахын Шинжлэх ухааны институтийн судлаачид судалгаа хийн, нийтлэл хэвлүүлжээ. Сельфи хийж байгаад амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Энэтхэгт бүртгэгдсэн байна. Дараа нь ОХУ, АНУ, Пакистаны иргэд оржээ. Мөн азгүй тохиолдлоор амиа алдсан хохирогчдын 70 гаруй хувь нь 30-аас доош насны эрчүүд байгаа юм. Хэдийгээр эрчүүдээс илүү бүсгүйчүүд догь харагдах дуртай ч төдийлөн эрсдэлд ордоггүй.
Энэтхэгийн судлаачдын олж тогтоосноор завин дээр, далайн эрэгт селфи хийх гэж байгаад завинаасаа унаж, далайн давалгаанд даруулж живж амиа алдсан тохиолдол хамгийн их байна. Дараа нь тээврийн хэрэгслийн өмнө зураг авах гэж байгаад амжиж холдолгүй дайруулж амиа алдсан тохиолдол оржээ. Гуравдугаарт өндрөөс унах, түлэгдэж амиа алдсан тохиолдол их байна. Сонирхолтой нь өнгөрсөн 7 жилийн турш сельфи хийж байгаад амиа алдсан хүмүүсийн дунд аюултай амьтадтай зургаа авахуулах гэж байгаад амиа алдсан найман хүн байжээ. 2011 онд сельфинээс болж амь эрсэдсэн гурван хүн бүртгүүлж байсан бол 2016 онд 98 хүн бүртгүүлсэн байна.
Эцэст нь судлаачид “no selfie zone” буюу сельфи хийхийг хориглосон бүсийг аялал жуулчлалын төв болсон өндөр уул, усан парк, тэнгэр баганадсан байшин барилгуудад байгуулахыг уриалж байна. Энэтхэг улсад ийм бүс хэд хэд байдаг гэнэ.