СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Далан давхар”-ын 44 шарилыг 1.37 тэрбум төгрөгөөр чандарлуулсан уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 23 хорооны 20,602 өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд “Хүчит шонхор” дэд станцыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан барьж дуусгах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр гаргаж байжээ.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, “Хүчит шонхор” дэд станц, 110 кВтын 107, 108, 109, 110 дугаар агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлэхэд шаардагдах 17,000,000,000.0 /17 тэрбум/ төгрөгийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК Голомт банкнаас зээлжээ.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК эрчим хүчний дамжуулалтын орлогоо зээлийн хугацаанд барьцаалж, жилийн 14.2 хувийн хүүтэй, ЗГ8145100645 дугаартай зээлийн гэрээг Голомт банктай 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр үзэглэсэн байна. Зээлийн гэрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, Голомт банкийг төлөөлж тус банкны Банкны газрын захирал Д.Бадрал нар гарын үсгээ зурцгаажээ.

Хамгийн хачиртай нь, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 17 тэрбум төгрөгийн зээлийг Голомт банкнаас авахаасаа нэг сарын өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 13-ны өдөр “110/10 кВт 2х40 мВА чадал бүхий “Хүчит шонхор” дэд станц шинээр барих ажил”-ыг 11,589,367,433 /11.5 тэрбум/ төгрөгөөр хийлгэх тухай тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны системээр дамжуулан зарлачихсан байгаа нь гайхалтай.

“Хүчит шонхор” дэд станцыг 11.5 тэрбум төгрөгөөр барих ТЭЗҮ нь гарчихсан байхад яах гэж 5.5 тэрбум төгрөгийг нэмж зээлсэн юм бол гэж та гайхаж буй байх. Тэгээд бүр жилийн 14.2 хувийн хүүтэй зээл шүү.

Төсөвт өртгөөс хэтрүүлэн зээлсэн 5.5 тэрбум төгрөгөөр Самбалхүндэвийн оршуулгын газар буюу бидний нэрлэж заншсанаар Далан давхарын оршуулгын газрын зүүн урд буланд байх 1.5 газрыг чөлөөлөхөөр манай төрийн байгууллагынхан төлөвлөсөн бололтой.

Далан давхарын оршуулгын газрын зүүн урд булан буюу “Хүчит шонхор” дэд станцыг барихаар төлөвлөсөн 1.5 газарт “... Зурвас хэсэгт хөшөөтэй, нэр нь тодорхой 44 шарил байна. Үүний 17 нь Монгол Улсын иргэн, үлдсэн нь БНХАУ-ын иргэнийн шарил. Шарилын ихэнх нь 1950-1960 оных байна...” хэмээн газар дээр очиж хийсэн сэтгүүлчдийн сурвалжлагууд news.mn, wikimon.mn зэрэг мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн боловч удалгүй тэрхүү сурвалжлагаа бүгд устгасан байдаг юм.

Шарилыг нүүлгэн шилжүүлж буй хэд хэдэн зураг интернетэд тавигдсан байгаагаас үзвэл уг газарт үнэхээр л 50 гаруй гаруй шарил байгаа нь харагддаг юм.

Гэвч зурган дээр 50 гаруйхан тоотой харагдаад байгаа тэрхүү шарилыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан 1,372,590,000.0 /1.372 тэрбум/ төгрөгөөр чандарлуулж,  холбогдох төлбөрийг нь “Суварга буян” ХХК, “Нью семерти” ХХК-ийн данс руу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас шилжүүлсэн байгааг та доорх зургаас харж болно.

Би Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөртэй утсаар холбогдож, “Хүчит шонхор” дэд станцыг барих газрыг чөлөөлөхийн тулд та бүхэн хэчнээн шарилыг зөөсөн, хэдий хэмжээний зардал гарсан бэ хэмээн асуухад  “Тэрийг мэдэхгүй. Манайхаас мөнгө нь гараагүй, улсын төсвийн хөрөнгөнөөс гарсан. Байгаль орчны яам хөрөнгийг нь өгсөн. Манайх хоёр гурван байгууллагаар шарилыг нь нүүлгүүлэх ажлыг хийлгэсэн. Тэрийг сайн санахгүй байна. Нийт дүнгээрээ 1100 гаруй шарил байсан байх” гэсэн юм.

“Шарил чандарлах ажил” нэртэй, 18/06-296 дугаартай гэрээг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай байгуулж, улмаар 790,830,000.0 /790.8 сая/ төгрөгийг авсан “Суварга буян” ХХК-тай утсаар холбогдож, хэдэн шарилыг ямар үнээр чандарласныг тодруулахад “Манайх буяны үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ шарил чандарладаггүй” гэх хариуг өглөө.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.