Нийслэлийн Статис тикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянган төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12 мянга 427 төгрөгийн үнэтэй байгаа аж. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 153 төгрөгөөр буюу 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 80 төгрөгөөр буюу 0.5 хувиар тус тус өссөн байна. Энэ ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг байсан бол “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянга 800 төгрөгийн үнэтэй байжээ.
Наадмын өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 56 төгрөгөөр буурч, хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8700 төгрөгөөр, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11 мянган төгрөгөөр худалдаалж байжээ. Харин гурил болон хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байсан гэнэ.