Үндэсний их баяр наадмын өдрүүдэд энэ сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн найм нь зорчигч хэлбэрээр, дөрөв нь явган зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүний 28 нь зорчигч, 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэх” гэх газар /сумын төвөөс баруун урагш 14 км/ шороон замд Toyota Prius маркийн автомашинаар энэ сарын 13-нд аяллын майхан мөргөж, майхан дотор байсан таван хүнийг дайрчээ.
Майхан дотор амарч байсан О /7сартай,эмэгтэй/, С /6сартай,эмэгтэй/ нарын хоёрын хүүхэд нас барж, С /3настай, эрэгтэй/, С /11настай, эрэгтэй/, /21настай,эмэгтэй/ нарын гурван хүн гэмтсэн байна. Одоогоор согтуу болон төрөл садны хүн дайрсан эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Түүнчлэн энэ сарын 10-нд Хэнтий аймагт согтуудаа өөрийн хоёр хүүхдээ майхантай нь дайрсан хэрэг гарсныг өмнө нь мэдээлсэн билээ.
Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж, осол гарч байна.