Ц.Даваасамбуу
Эдийн засгийн энгийн хуулийн дагуу болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өсч буйтай холбоотойгоор АНУ-ын нүүрсний цахилгаан станцууд зах зээлээс хурдацтайгаар шахагдаж буй талаар “CNN” агентлаг мэдээлжээ. АНУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан тайлан мэдээнд онцолсноор 2025 он гэхэд тус улсын нүүрсний цахилгаан станцын 86 орчим хувь нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох гэнэ. Учир нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүд олноороо бий болохын хэрээр сэргээгдэх эрчим хүчний үнэ нүүрсний цахилгаан станцаас гаргаж буй цахилгаанаас хэд дахин хямд болохоор байгаа ажээ.
АНУ-ын Эрчим хүчний шинэчлэлийн бодлогын газрын тэргүүн Майк О’Бойле “АНУ-ын нүүрсний цахилгаан станцуудын дөрөвний гурав нь үйл ажиллагаагаа бараг бүрэн зогсоосон. Ерөнхийлөгч Трамп нүүрстэй дайн зарлахаа мэдэгдэж байсан. Тэрбээр амлалтаа биелүүлж, сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжихэд багагүй хөрөнгө хаясан” гэжээ. Өнгөрсөн 2018 оны байдлаар АНУ нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 74 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байсан бөгөөд ердөө 30 орчим хувийг л нүүрсний цахилгаан станцаас авчээ.
Тус улсын зарим муж дахь нүүрс, байгалийн хийн генерат бүхий цахилгаан станц одоогоос ердөө дөрөв, таван жилийн өмнө нийт цахилгааныхаа 70 хувийг нүүрс, үлдсэнийг байгалийн хий ашиглан үйлдвэрлэж байсан бол одоо байр нь яг эсрэгээрээ эргээд байна. Тухайлбал, Флорида, Техас, Каролина зэрэг муж нүүрсний цахилгаан станцыг бараг л халсан байна. Түүнчлэн 2025 он гэхэд Индиана, Мичиган, Охайо, Висконсин зэрэг муж ч нүүрсний цахилгаан станцыг бүрэн халж, сэргээгдэх эрчим хүчинд шилжихээр байгаа аж. АНУ бол нүүрсийг байгальд ээлтэй түлш болгох талын судалгаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй орны нэг билээ. Гэвч тус улсын төрийн бодлого илүү байгальд ээлтэй өөр боломжит эрчим хүчний эх үүсвэрт чиглэх хандлагатай болж буй нь улам тодорхой болсоор байна.
НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ЖИЛ ИРЭХ ТУСАМ БУУРСААР...
Нүүрс олон жилийн турш эрчим хүчний салбарын “хаан” байсан. Харин сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн хий нүүрсний хүчтэй өрсөлдөгч болж эхэлсэн. 2008 онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцын эрчим хүчний салбар дахь эзлэх хувь АНУ-д 48 хувь байсан бол өнгөрсөн онд буюу 10 жилийн дараа 28 хувь болж буурчээ. Харин эсрэгээрээ нарны эрчим хүчний хэрэглээ өсч, 2009 оноос хойш үнэ 90 орчим хувиар буурсан байна.
НҮҮРСНИЙ СОРИЛТ
Өнгөрсөн 2016 онд дэлхий дахины нүүрсний эрэлт, хэрэгцээ хурдацтайгаар буурсан бөгөөд зөвхөн Энэтхэгт л нүүрсний хэрэглээ өссөн байна. Харин 2020 он гэхэд манай гарагийн нүүрсний эрэлт 500 сая тонн болж буурах төлөвтэй байгаа бол АНУ-ын хэрэглээ гэхэд л 75 сая тонноор буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан тайланд онцолжээ. Ер нь АНУ-ын Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлж байгаагаар байгалийн хий, бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах нь нэмэгдсээр байгаа нь нүүрсний эрэлт хэрэгцээг бууруулах болж энэ нь ч цаашид улам нэмэгдэх аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн Ази номхон далайн бүсийн “Macquarie Research” салбарын шинжээчид нүүрс бол эрчим хүчний тийм ч сайн эх үүсвэр биш” гэдгийг хүлээн зөвшөөрч, “Нэг цагт эрчим хүчний нүүрсний худалдаа хийх нь ашигтай, энэ хэрээрээ эрэлт нийлүүлэлт нь дээд цэгтээ хүрч байсан бол одоо нүүрс ашигтай наймаа биш болсон” гэдгийг онцлох болжээ.
Ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал улс орнуудыг арга хэмжээ авахаас аргагүйд хүргэж байна. Голландын парламент нүүрсний станцуудаасаа ангижрах төлөвлөгөө баталсан. Голландад одоогоор 11 нүүрсний цахилгаан станц ажиллаж байгааг зогсоолоо гэхэд үүнийг илүү цэвэр хийн турбин бүхий станцуудаар солих боломжтой ажээ. Тус улс 2020 он гэхэд станцуудаа хаах төлөв дэвшүүлж буй ч 2030 он гэхэд илүү бодитой үр дүнд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ямартай ч парламент нь нүүрснээс ангижрах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн тул Засгийн газар уг шийдвэрийн дагуу үндэслэлтэй төлөвлөгөө боловсруулах ажлаа эхлүүлээд байгаа аж.
Их Британийн Эрчим хүчний нарийн бичгийн дарга Амбэр Рудд 2025 он гэхэд тус улс одоо буй бүх нүүрсний станцаа хаах тухай мэдэгдсэн нь мөн л дэлхийд нүүрсний хэрэглээ хумигдах тухай томоохон дохио болж байна. Их Британи нүүрсний станцуудаа 2023 он гэхэд хязгаарлаж, улмаар 2025 он гэхэд станцуудыг “CCS” технологи буюу ялгарч буй нүүрсхүчлийн хийг ангилан ялгах технологи суурилуулсан тохиолдолд ажиллах боломж олгох юм байна. 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ гадаад оронд хэрэгжиж буй нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдэж, бусад улс, олон улсын санхүүгийн байгууллагуудыг ч ийм жишигтэй болохыг уриалж байсан. Улмаар төд удалгүй Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад банк нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, Франц, Герман, Голланд, Их Британи ийм төрлийн төсөлд зээл олгохгүйгээ мөн мэдэгдсэн билээ. Ерөнхийдөө Азид төдийгүй АНУ, Европт нүүрсний станцын ирээдүй улам бүр бүрхэг болж эхэллээ. Гэхдээ нүүрс хүчгүйдэх давалгааг хэдхэн жилийн өмнө хэн ч ийм хүчтэйгээр ирнэ гэж таамаглаагүй байсан юм.
Эх сурвалж: https://edition.cnn. com/2019/03/25/business/coal-solar-wind-renewable-energy/index. html