СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2019-07-11

LIVE: Ч.Гомбосүрэн: Манай нутгийн хурдан буянуудын зах зээлийн ханш 60-70 сая төгрөг байгаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

LIVETV.MN сайтын уран бүтээлчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж Үндэсний их баяр наадмын эргэн тойронд өрнөж буй үйл явдлууд, сонирхолтой сурвалжлагуудыг хүргэсээр байна

Сурвалжлагч С.Будрагчаа, зураглаач Б.Галбадрах нар Хүй долоон худагт ажиллаж, хурдан буянаа уралдуулж байгаа уяачидтай уулзан шууд ярилцлага дамжуулж байгаа билээ. Энэ удаад Монгол улсын 21 аймаг, 331 сум дундаас хурдан буянаараа алдаршиж буй Сүхбаатар аймгийн гал дээрээс дараах сурвалжлагыг дамжууллаа.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга н.Мөнхбаяртай ярилцлаа. 

"Манай Асгат сумын "Зээрд адуу" морин спорт уяачдын холбоог 1991 онд н.Дашдондог гэдэг хүн үүсгэн байгуулж, өөрөө төрийн наадамд гурван удаа хурдан буянаа уралдуулж байсан юм билээ. Түүнээс хойш 10-аад жил энэ сайхан уламжлал зогссон. Зохион байгуулалтгүй байсан гэсэн үг. Ганц нэг уяачид хувиараа төрийн наадамд ирж оролцож байсан. Энэ жил бид УБ дахь нутгийн зөвлөл, сумаас төрөн гарсан бизнесменүүддээ уламжилж, тэд маань дэмжсэнээр уяачид маань зохион байгуулалттайгаар ирж, 10 гаруй хурдан буянаа уралдуулж байна" гэлээ.

-Төрийн наадамд Асгат сумаас төрөн гарсан хичнээн хурдан морь байдаг юм бэ?

-Манай сумаас 250 гаруй хурдан буян улс бүсийн наадамд оролцсон байдаг юм билээ. Гэхдээ ихэнх нь цааш зарагдаад улсын наадамд уралдсан байдаг. Яг Асгат сумын нэрээрээ уралдсан нь ҮХЦ-ийн Н.Жанцан гуай. "Цалин цагаан" хязаалангаараа айргийн 4-т орж байсан түүхтэй. Анхны тохиолдол. Манай Асгат сумын унаган адуу болох Асгат саарал, Зандан хүрэн, Даатгал хээр, Шөвгөр хүрэн, Яруу хээр гэх мэт олон хурдан адуу бий ч зарагдаад өөр хүний, өөр нутаг усны нэрээр уралддаг. 

Сүхбаатар аймгийн Асгат сумын нутгийн зөвлөлийн дарга  н.Гомбосүрэнтэй мөн ярилцлаа. 

-"Асгат саарал" гэдэг нийтийн дуу танай нутгийн дуу юм уу?

-Манай нутгийн хурдан буян болох "Асгат саарал"-д зориулж МАКС-ын н.Ганбаатар зориулж хийлгэсэн дуу л даа. "Асгат саарал"-ын эзэн, манай нутгийн залуу н.Баяраа гэж хүн байсан. Олон жилийн өмнө тэр хүн Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр ирсэн байх үеэр Монгол Улсын тод манлай уяач н.Цэрэнжигмэд уяач надад хандаж "Танай Асгатаас хурдан морь авмаар байна" гэж хэлсэн. Би тэр 2-ыг танилцуулсан. Өрөөндөө түр орхиод буцаад ортол "Бид хоёр наймаа тохирсон" гэж байсан. 

Ийм л түүхтэй. Асгат саарал анх Улсын сайн малчин н.Баяраагаас зарагдсан унага л даа. "Асгат саарал" гэдэг дуу бол энэ унаганд зориулагдсан дуу. Маш олон жил улсын наадамд айрагдсан. Хавчиг азарга байхдаа улсад түрүүлж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр уяан дээр нь ирж хүндэтгэл үзүүлж байсан түүхтэй.

Ямар үнээр зарагдаж байсан юм бэ?

-Олон жилийн өмнө шүү дээ. 1 сая төгрөгөөс яриад 800 000 зарагдаж байсан. 15 орчим жилийн өмнө юм уу даа. 

-Танай нутаг олон сайхан хурдан буян төрдөг газар. Танай сумаас зарагдаж буй адуу ямар үнээр зарагддаг юм бэ?

-Дунджаар 60-70 сая төгрөгөөр зарагддаг. Энэ бол доод үнэ шүү. Ер нь дээшээ зарагддаг даа.

-Энэ жил танай сумаас 10 гаруй хурдан хүлэг ирж төрийн наадамдаа тоосоо өргөх гэж байгаа юм байна. Яг ямар хүлэг тань амжилт гаргах бол?

-Манай Асгат сумын уугуул н.Чинтөмөр ахын маань хээр морь энэ жил хурдтай байгаа. Сая сумынхаа баяр наадамд түрүүлсэн. Замд гарсан байгаа, хүлээж байна. Аймгийн алдарт уяач н.Энхмандах, Б.Цагаанхүү нар гал ахлаад явж байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.