Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын шагайн харваан хэсгийн тоглолтууд үргэлжилж байна
Жил жилийн Үндэсний их баяр наадмаар төрийн 3 өндөрлөг сур, шагайн харвааны асарт зочилж цэц мэргэнээ сорьдог уламжлалтай.
Энэ жилийн баяр наадмын сурын харваанд Ерөнхий сайд оролцсонгүй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хүрэлцэн ирж, Эрийн гурван наадмын нэг болох эрхий мэргэн харваачдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар шагай харваж, тав нясалснаас тав онолоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар
"Сурын харваан дээр надад таарсан нум жаахан зөрсөн. Дөрвөн сумаар оносон болохоор чадсангүй. Таван сумаар бол онох байлаа. Харин сая шагайн харваанд тав харваж тав онолоо.
Эрэлхэг дээдсийн үр сад болсон Монгол түмэндээ сайхан наадахын ерөөл өргөе. Цэц сайхан мэргэн байна. Сайхан цаг ирж байна. Юм юм цэгцэрч сайхан болохын билэг ерөөл тэгширч байна. Ардын хувьсгал, тусгаар тогтнолын 100 жилийн ойг угтаж бүх юм цэгцэрч байна даа" гэлээ.
Шагайн харвааны салбар хорооны гишүүн
"Энэ жилийн шагайн харваанд нийт 800 гаруй хүнтэй, 84 баг оролцож байна. Яг одоо дунд хэсгийн тоглолт болж байна. Өнөөдөр шөвгийн 4 баг шалгарч үлдэнэ. Урд урд жилүүдийнхээс хамаагүй өргөн оролцож байна. 13-84 насны харваачид оролцож байна" гэлээ.
Хэнтий аймгаас оролцож буй харваач
"Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирж оролцож байна. Бор-Өндөрийн н.Мягмар ахлагчтай "Уурхайчин" баг л даа. Энэ жилийн наадам маш сайхан болж байна. Манай баг өнгөрсөн 2018 онд Хэнтий аймгийн Биндэр сумаас ирж Улсын аварга болж түрүүлж байсан. Энэ жил хагас шигшээд багтаж тоглож байна. Багууд их бэлтгэл сайтай байна. Гэхдээ бид хичээж байна. Бүгдээрээ сайхан наадаарай" гэлээ.
Шагай харваа нь үндэсний баяр наадмын спортын нэгэн төрөл болоод 21 дэх жилдээ золгож байна
Сонирхуулахад, энэ жил ахмад болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 97 багийн 800 орчим харваачид оролцож байна. Тэр дундаа ахмадын 13, насанд хүрэгчдийн 84 баг байгаа юм. Үүнээс улс, аймгийн цолтой 370 гаруй харваач оролцож байгаа аж.