Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүлд өнгөрсөн тавдугаар сард бүл нэмэн ирсэн ханхүү Арчи анхны поло тэмцээнээ үзэж сонирхсныг дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ. Амаржаад удаагүй Сассексын гүнгийн авхай Меган Мэркл лхагва гарагт хоёр сартай хүү Арчигийн хамт ханхүү Уильям, Харри нарыг поло тоглохыг харсан байна. Ханхүү Уильям, Харри нар Английн Сюри дахь Поло клубт Хааны удмын хандивын арга хэмжээнд зориулсан спортын арга хэмжээний үеэр тогложээ. Меган бяцхан Арчи ханхүүгийн хамт анх удаа олон нийтийн арга хэмжээнд зочилж буй юм. Хатан хааны гэр бүлийн поло тэмцээнийг Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон мөн хүүхдүүд Жорж, Шарлотт, Луйс нарын хамт үзжээ. Арчийг мэндэлснээс хойш Кэмбрижийн болон Сассексын гүнгийн гэр бүлүүд хамтдаа олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com