Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын урдуур сүлжин урсах Туул гол Орхон голд цутгаж цаашлаад Сибирийн Байгаль нуурыг ундаалдаг. Хэрлэн, Онон голуудын адилаар Туул ч мөн Хэнтийн нуруу Бурхан Халдун хайрхны орчмоос эх аван урсдаг. Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Бурхан Халдун хайрхны энгэр шашин шүтлэг, засаг захиргааны бүтэц зохион байгуулалт төдийгүй дэлхийг эзэлсэн их хааны түүхийг хадгалсан эрхэм газар юм.
Антропологич Жак Витерфолдын өгүүлснээр Чингис хаан бол цэрэг армийн хүчирхэг удирдагч гэхээс илүү хууль дүрэм тогтоогч, шашны эрх чөлөөг хамгаалагч, олон улсын худалдааг дэмжигч, үндэстнийг цогцлоогч, Ази Европын ард түмэн улс орнуудын хоорондын дипломат харилцааг шинээр бүтээн байгуулсан агуу эрхэм билээ. Монголын эзэнт гүрэн тив хоорондын харилцаа холбоо, худалдаа, технологи, улс төрийн систем ашиглан огт холбоо харилцаагүй байсан дэлхий ертөнцийг холбосон бөгөөд Чингис хаан дэлхийг донсолгож шинэ дүрэм тогтоож байсан гэж түүхч Эдвард Гиббон бичсэн байдаг.
Өнөөдрийн Монгол улс эртний түүхээсээ өөрчлөгдсөн байж болох ч улс орон дотоодын болоод бүс нутгийн хатуу сорилттой нүүр тулж байна. Монголын түнш Америк тус улсыг саад бэрхшээлийг даван гарч, бүс нутагтаа нээлттэй, эрх чөлөөтэй нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэж найджээ.
Хэцүү хөрш
Монгол улс юун түрүүнд бүтцийн сорилттой нүүр тулгарч байна. Далайд гарцгүй гуравхан сая хүн амтай улсад хамгийн түрүүнд тулгарч буй саад бол газарзүйн байрлал. Тус улсаас явж байгаа болон ирж байгаа бүх зүйл Орос, Хятад гэсэн хүчирхэг, хүн ам ихтэй орнуудын газрын болоод агаарын хилээр дамждаг. Монголд хамгийн чухал төмөр замын хувьцааны 51 хувийг Оросын Засгийн газар эзэмшдэг. Хүчирхэг хөршүүдийн ашиг сонирхол Улаанбаатар хотоос бэлхнээ харагддаг.
2016 онд Оросын Засгийн Газрын эзэмшилд байсан Монголын эдийн засгийн хөдөлгөх гол хүч Эрдэнэтийн уурхайн 49 хувийг эргүүлэн худалдаж авсан. Гэвч Монголын эрчим хүчний 90 хувь Москвагаас хараат хэвээр үлдсэн. Улаанбаатарын гудамжаар алхахад Зөвлөлтийн үеийн түүх соёлын үлдвэр дуурийн театраас авахуулаад гэрлэх ёслолын ордон, Зайсан толгойн дурсгалт газар хүртэл харагддаг.
Өмнөд хилээрээ Монгол говь цөлөөр дамжиж Хятадтай хиллэдэг. Хятадын Өвөрмонголын Өөртөө Засах Оронд Монголын хүн амаас хоёр дахин их буюу зургаан сая орчим монгол угсаатан амьдардаг. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад Монголын экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Үүнд нүүрс, зэс, түүхий нефт, боловсруулаагүй ноолуур зэрэг бараа бүтээгдэхүүн багтдаг ба импортын барааны 1/3 нь Хятадаас орж ирдэг. Түүнээс гадна Хятадын аюулгүй байдлын шүдний өвчин болсон Түвдийн бурхан шашны тэргүүн Далай лам Монголд айлчилснаар зөрчил хурцдах нь бий.
Газарзүйн байрлалаа тэлэх
Хөршийн бодлогоо тэлэхийн тулд Монгол гуравдагч хөршийг эрэхлхийлж газарзүйн байрлал хил хязгаараар нэгддэггүй ч эдийн засаг, стратегийн дэмжлэгтэйгээр хамтрагч орнуудад найр тавих болсон. Жишээ нь Япон, Өмнөд Солонгос зэрэг ардчилсан холбоо харилцаатай гуравдагч хөршүүдтэй бүс нутгийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна. Өмнөд Солонгос төдийгүй Умард Солонгостой ч дипломат харилцаа холбоог тэнцвэртэйгээр баримталж Солонгосын хойгт тогтвортой байдлыг эрхэмлэдэг.
Монголчууд Америкийг хамгийн чухал гуравдагч хөршөө гэж үздэг ба олон улсын тавцанд Вашингтонтой холбоо харилцаагаа дотносон харуулдаг. Зургадугаар сард болдог Хааны эрэлд олон улсын цэргийн сургуулилалтыг Америк, Монгол хамтран зохион байгуулж Австралиас авахуулаад Замби хүртэл 31 улсыг хамруулдаг. Үүнээс гадна олон улсын байгууллага, хамтын ажиллагаанд Улаанбаатар, Вашингтоны эрх баригчид үнэ цэнэ, зорилго зорилтоо харилцан дэмжиж хуваалцдаг. Вашингтон, Пхеньяны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт Улаанбаатар голлох байр суурьтай оролцохыгг эрхэмлэж ирсэн. Монгол коммунизмаас ардчилал руу шилжихдээ цөмийн зэвсгээс ангид орон гэдгээ дэлхий нийтэд зарласан Азийн орон юм.
Хөрөнгөө хүчирхэгжүүлэх
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх 2018 оны есдүгээр сард Вашингтонд айлчлах үеэрээ АНУ-Монголын иж бүрэн түншлэлийг байгуулснаа зарлаж хоёр улсын харилцаа эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж буйг илэрхийлсэн. Хятадын эдийн засаг удаашрахад Улаанбаатарт харилцан хамааралтайгаар эдийн засгийн маш хүнд нөхцөл байдал бий болсон.
Юун түрүүнд монгол Оюу-Толгой уул уурхайн компанийн гэрээ хэлэлцээр, байр сууриа тодорхой болгож шийдвэрлэх хэрэгтэй. Монголын Засгийн газар Оюу-Толгойн 34 хувийг, Turquoise Hill Resources үлдсэн 66 хувийг эзэлдгийн 51 хувь нь Рио Тинтод байдаг. Дэлхийн хамгийн том зэсний олборлолтуудын нэг Улаанбаатарыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Монголын Парламент Оюу-Толгойн гэрээг дахин байгуулж Засгийн газрын эзэмшдэг хувьцааг нэмэхээр ажиллаж байна.
Хоёрдугаарт Вашингтон 2013 онд гарын үсэг зурсан Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг санал болгосоор ирсэн. Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг хөгжүүлэх хэлэлцээрт шаардлагатай хуулийн төслүүдийг англи хэл дээр хөрвүүлэхийг шаардсаар байгаа юм. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг дэмжсэнээр эдийн засгийн үйл ажиллагааг зөв гольдролд оруулах боломжтой.
Гуравдугаарт Монгол улс авлига хээл хахуультай тэмцэж буй үйл ажиллагаа илүү өргөжүүлж шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулдаг Олон улсын ил тод байдлын байгууллагаас гаргасан судалгаанд Монгол улс авлигын индексээрээ 2018 онд 180 орноос 93 дугаарт оржээ.
Хуучин түүх, шинэ дүр төрх
Улаанбаатар хотын захаар Туул голын хөвөөг дагасаар Чингис хаан олон улсын нисэх буудалд ирнэ. Монголын ирээдүй бидний нүдэн дээр өөрчлөгдөж байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд тус улс ардчилалд тайван замаар шилжиж зах зээлийн шинэчлэл хийж чаджээ. Монгол улс дэлхийн түүхийн шинэ үеийг эхлүүлэхэд бэлэн болсон байна. АНУ-тай хамтран хуучин түүхээ давтаж шинэ дүр төрхийг бүрдүүлэх боломж иржээ. Олон улсын худалдаа, дипломат харилцааны гүүр болж мөнх хөх тэнгэртэй Монгол улс дэлхийг дахин донсолгох өдөр ирнэ гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: Ронкевер Ганан Алмонд - Жорж Тауны их сургуулийн Хуулийн төвийн туслах профессор, Вик группын дэд Ерөнхийлөгч
www. thediplomat.com