Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт холбогдох ямар асуудал, хэлэлцэж шийдвэрлэсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.
Бат-Өлзийт сумынхан газраа өмчилж авна
Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан учир иргэд нэг удаа өмчлөх 0.7 га газраа өмчилж чадахгүй байсан асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Бат-Өлзий сумын иргэд одоогоос арваад жилийн өмнө энэ талаар Засгийн газарт хандан хүсэлт гаргасан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, иргэдийн газар өмчлөлд зориулж, 16 га газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргажээ. Ингэснээр Бат-Өлзийчүүд газар өмчлөх боломжтой болж байна.
Идлэг шонхорын тоо өсчээ
Монгол оронд 7800 орчим бодгаль байсан идлэг шонхорын тоо 2018 оны тооллогоор 10 600 болж нэмэгджээ. Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгажээ. Гэхдээ тоо толгойн өсөлт нь ашиг олох зорилгоор барих хэмжээнд хүрэхгүй төдийгүй, олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг шувуу учир хориглосон хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ.
Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд шонхор шувууг хууль бусаар гаргахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, өндөр хүчдэлд цохиулж хорогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан тоо толгой, тархац, идэш тэжээлийн өөрчлөлтийг тогтоох урт, дунд хугацааны судалгаа мониторинг, хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэг чухал асуудал шийдсэн нь Ерөнхий сайд захирамж гарган, стадион шинээр байгуулахтай холбоотой судалгаа хийх ажлын хэсгийг томилжээ. Энэхүү ажлын хэсэг нь юун түрүүнд Стадион барих газрыг олж тогтоон, ТЭЗҮ болон санхүүжилтийн тооцоог хийн, Засгийн газарт танилцуулах юм. Хүй долоон худагт барих уу, эсвэл Яармагийн хуучин байранд нь байгуулах уу гэдгийг ажлын хэсэг судалж, танилцуулна.
Ямартай ч одоо байгаа 12 000 хүний суудалтай стадионыг өргөтгөж, илүү олон үзэгч үзэх боломжтой болгосноор тасалбар, машины зогсоолтой холбоотой иргэдийн бухимдлыг төрүүлдэг олон асуудал шийдвэрлэгдэнэ гэж Засгийн газар үзжээ.