Монголд анх удаагаа хөөсөн шилээр жилийн дөрвөн улиралд амьдарч болох зөөврийн байрыг барьснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2012-2014 онд хэрэгжүүлсэн “Эх орны түүхий эд ашиглан шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи” цөм технологийн төслийн хүрээнд лаборатори байгуулан шил хөөлгөх өөрсдийн технологийг боловсруулан түүхий эд гарган авч зөөврийн байшин барьсан байна.
Европын зарим орнуудад хөөсөн шилийг ашиглан барилгын суурь, хана, дээврийн дулаалга зэрэгт ашиглагдагч шилээ хөөлгөх технологи нь нууц байдаг байна.
Гэхдээ манай улсын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийсний үр дүнд шил хөөлгөх өөрсдийн технологийг боловсруулан дулааны алдагдалгүй, дуу чимээ тусгаарладаг, ус чийг, галд тэсвэртэй зах зээлд борлуулж буй цагаан шохойн блокоос хэд дахин нимгэн хөөсөн шилэн блок буюу барилгын материал гарган авчээ.
“Хөөсөн шил”-ийн 94-96 хувь нь хаягдал шил, үлдсэн нь хаягдал шохой, элс, нүүрс зэрэг ажээ. 4х6 м хэмжээтэй байшинг барихад 60 см кв, 10 см зузаантай 60 гаруй ширхэг “хөөсөн шил” ашигласан байна. Нийт 1 орчим тонн жинтэй тус “хөөсөн шил”-үүдийг 1800 хаягдал архины шилээр хийжээ.
“Тодруулбал, 6*4 хэмжээтэй 24 метр.кв уг зөөврийн орон сууцны хана, тааз, шал зэрэгт 20 см зузаантай хөөсөн шилэн блокоор баригдсан. Өөр ямар нэгэн хөөсөнцөр зэрэг дулаалгын материал ашиглаагүй. Бид нарын гарган авсан 5 см зузаантай хөөсөн шилэн блок нь энгийн 20 см зузаантай цагаан шохойн блоктой дүйцэхүйц бөгөөд барилгын материалуудаас ялгаатай. Үнийн хувьд цагаан блокоос нэг дахин үнэтэй байгаа ч хоёр дахин илүү чанартай гэсэн үг” хэмээн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан Т.Төмөрхуяг дурдлаа.
Хөөсөн шилийг хаягдал шилийг хайлуулан тусгай хөөлгөгч ашиглан гарган авдаг байна.
Уг хөөсөн шилийг хэрэглэгч хүсэх юм бол ямар ч хэлбэрээр гаргуулан хийлгэх боломжтой ажээ. Хөөсөн шилэн дулаалгын материал м.кв нь /10 см зузаантай/ ХБНГУ-д 40-60 евро, БНХАУ-д 14-30 ам.долларын үнэтэй бөгөөд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс 1 м куб блокны үнийг 260000 төгрөг байхаар тооцоо гаргасан байна. Цаашид хөөсөн шилийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм бол өртгийн хэмжээ буурах боломжтой гэнэ.