Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэ буурсан асуудлаар мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын дарга Ч.Эрдэнэбаяр:
Сүүлийн үеийн шатахуун, газрын тосны үнэтэй холбоотой мэдээллийг та бүхэндээ хүргэе. Он гарснаас хойш шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр гурван удаа өссөнийг та бүхэн мэднэ. Харин тавдугаар сарын сүүлээс эхлэн дэлхийн зах зээл дэх шатахуун, газрын тосны үнэ буурч эхэлсэн тул өчигдрөөс эхлэн АИ92 шатахууны үнэ литр тутамд 50 төгрөгөөр буурч, нийтдээ 115 төгрөгөөр буураад байна.
Монгол Улсын нийт импортын шатахууны 95 хувийг ОХУ нийлүүлдэг. Оруулж ирдэг үнээ Сингапурын биржээс тогтоосон ханшаар тогтоодог. Өнгөрсөн тавдугаар сард шатахууны жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд дур мэдэн, үндэслэлгүйгээр шатахууны литр тутмын үнийг 40 төгрөгөөр нэмэгдүүлж байсан. Тэдгээр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авсан.
-Шатахууны үнээ үндэслэлгүйгээр нэмэгдсэн аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэхээс өөр арга хэмжээ авсан удаа байгаа юу?
-Хуульд заасны дагуу эхлээд мэдэгдэл хүргүүлэх ёстой. Мэдэгдлийн дагуу арга хэмжээ аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авдаг. Бид ОХУ-аас сар бүр хилийн үнийн мэдээллийг тогтмол авч байдаг. Тиймээс шатахуун импортлогчид бидэнд мэдэгдэхгүйгээр үнээ үндэслэлгүйгээр нэмэх боломж байхгүй.
-Шатахуун импортлогчид Засгийн газраас татаас авах байдлаар үнээ тогтвортой барьж ирсэн. Мөн татвараа бууруулахгүй бол үнээ нэмнэ гэж шантаажилсаар ирсэн?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахуун импортлогчид нэг ч удаа татаас олгоогүй. Харин шатахуунд ногдуулдаг онцгой албан татварыг тэглэсэн байгаа.
-Шатахууны үнэ улсын хэмжээнд буурч байгаа юу? Эсвэл Улаанбаатарт л буурсан уу?
-Улсын хэмжээнд буурч байгаа. Гэхдээ Улаанбаатараас харьцангуй алслагдсан бүсийнх тээвэрлэлтийн зардлаас шалтгаалан өөр өөр байгаа.