Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо.
Зарлигт:
"...Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсанд тооцож аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд Улсын начин цол олгосугай” гэжээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол хасах тухай зарлиг гаргалаа.
Зарлигт:
“…Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын баяр наадын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авснаас сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Увс аймгийн Тэс сумын харьяат Бадрахын Ганзоригт олгосон “Улсын начин” цолыг хассугай” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэхүү 2018 оны буюу Тулгар төр байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн Улсын их баяр наадамд тавын даваан/начны даваа/-д үлдсэн бөгөөд түүнийг тавын даваанд давсан Улсын гарьд ХН.Ганбаатараас хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон учир Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зургадугаар сард болсон хурлаар Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжилсан байжээ. Ийнхүү түүнд начин цол олгосноор Баянхонгор аймаг шинэхэн начинтай болж байна.
Улсын начин Б.Эрдэнэхүү нь Баянбулаг сумын харьяат бөгөөд түүний аав н.Болд мөн аймгийн хурц арслан цолтой хүн юм.