Нийслэлийн цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Өнөөдрийн байдлаар 10 аймаг, 161 сум баяр наадмаа хийгээд байна.
Долоодугаар сарын 9-13-ны өдрүүдэд Олон улсын авто ралли Монгол Улсын нутаг дэвсгэрээс дайрч өнгөрнө. Уг раллигийн оролцогч нар замын хөдөлгөөнд оролцохгүй тул зам хаах, замын түгжрэл үүсэх асуудал байхгүй.
Монгол, ОХУ, БНХАУ-ын баг тамирчид оролцож буй Торгоны зам” авто раллиг үзэх хүсэлтэй иргэд Жирмийн цагаан нуур болон Хөшигийн хөндий шинэ нисэх онгоцны буудлаас гараа, бариа зэргийг харж болно.
Улсын баяр наадмын хамгаалалтын бэлтгэл ажлын зураглал, тооцоогоо өдөр, цаг, минутаар гаргана. Цагдаагийн албан хаагч нар өгсөн чиг үүргийн хүрээнд өөрийн байрлах ёстой газраа ажиллана.
Хүй долоон худагт хурдан морины уралдааны үеэр морь дагадаг, тоос босгодог байдлыг багасгана. Хурдан морийг дагах машин найм байна. Хэвлэл мэдээллийн гурван машин, нас насны морьдын даамал, хурдан морины салбар хороо, түргэн тусламжийн машинууд байна. Үндэсний бөхийн барилдааны тухайд хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаагийн албан хаагчид байх ёстой газрууддаа ажиллана. Иргэдийн хувьд цагдаагийн байгууллагын тусламж хэрэгтэй бол өөрт ойр байрлах цагдаад мэдэгдэхээс гадна цагдаагийн албаны бүхээгтэй машин, цэгт өөрийн биеэр ирж авч болно. Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх орчимд цагдаагийн байгууллагын төв штаб ажиллана.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албан дарга Ц.Ганзориг "Үндэсний баяр наадмыг 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй хүн ажиллах бол гадаадын 10 гаруй агентлагийн 30 гаруй сэтгүүлч монгол наадмыг дэлхий нийтэд түгээнэ” гэлээ.