Дэлхийн их гүрнүүдийн хооронд багагүй хугацаанд үргэлжилж буй худалдааны дайны жинхэнэ ялагчид Америк, Хятадын аль нь ч биш гэдгийг судлаачид хэлдэг. Хоёр их гүрний эдийн засгийн зөрчилдөөний дөрвөн ялагч бол Вьетнам, Тайвань, Бангладеш, Өмнөд Солонгос мөн гэжээ.
Америкчууд Хятадаас худалдаy авалт хийх нь багассан ч үйлдвэрлэгчид Ерөнхийлөгч Трампын тавьсан татварын нэмэлт өөрчлөлтөөс зугтаж зах зээлээ алдахгүйн тулд Азийн бусад орнууд руу хандаж байна. Тоо баримтаас харвал Америк энэ оны эхний таван сарын хугацаанд Хятадаас хийх худалдан авалт нь 12 хувиар буурчээ. Харин Вьетнам, Тайвань, Бангладеш, Өмнөд Солонгос улсуудаас бараа импортлох нь эрс нэмэгдэв. Тухайлбал Вьетнамаас жилийн өмнөхөөс 36 хувиар илүү бараа импортолсон бол Тайваниас 23, Бангладеш улсаас 14, Өмнөд Солонгосоос 12 хувиар илүү импортын бараа бүтээгдэхүүн татжээ.
Трамп татвараа нэмснээр Хятадад үйлдвэрлэгддэг гар цүнх, дугуй, тээш, сагсан бөмбөгийн малгай зэрэг бараа бүтээгдэхүүн Америкийн импортлогчдод үнэтэй тусах болсон. Мөн аяга таваг угаагч, угаалгын машин, хатаагч, ус шүүгч зэрэг гэр ахуйн тоног төхөөрөмжийн татвар нэмэгдсэн.
Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмснээр тулаанд хүчээ гайхуулж ялалт байгуулна гэсэн бүрэн итгэлтэй байв. Гэвч Трампын тавьсан татвараас зайлсхийх гэсэн бизнес эрхлэгчид Хятадад үйлдвэрлэсэн барааны шошгон дээр Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг Азийн бусад улсад үйлдвэрлэсэн гэх хуурамч шошго наах болсныг Вьетнамын хилийн агентлагууд мэдээлэх болсон. Эдийн засгийн шинжээчдийн харж байгаагаар яг ижил бүтээгдэхүүнийг ижил чанартайгаар илүү хямд үнээр үйлдвэрлэдэг түншийг Хятадаас өөр газраас олох амаргүй.
Cap America компани Хятадаас бараагаа импортолдог ба Трампын татвараас зугтахын тулд Бангладеш улсын нийлүүлэгчидтэй гэрээ хийж захиалга өгсөн боловч чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний нийлүүлэлт нийт хэрэгцээний ердөө 20 хувийг л хангаж байгаа юм.
Худалдааны дайн эхэлсэн жил гаруйн хугацааны дараа Хятадаас бусад үйлдвэрлэгч орнуудын экспорт эрс нэмэгдэж, зарим үйлдвэрлэгч татвараас зайлсхийж орхин гарч байна. Тиймээс хямд ажиллах хүчтэй Вьетнам, Бангладеш, технологийн дэвшлээрээ өрсөлдөж буй Тайвань, Өмнөд Солонгос улсууд худалдан авагчдын сонирхлыг татаж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com