Т.Жанцан
УИХ-ын 2019 оны хаврын чуулганыг өнгөрсөн баасан гарагт хааж ээлжит бус чуулганыг нээлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилнэ гэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан. Үндсэн хуулийг сайжруулах гэдэг дээр маргах хүн байхгүй. Эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг хэрэгтэй гэдэгтэй хүн болгон санал нийлж байна. Цэгцэлж чадвал, цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг эхлүүлж, гурван парламент дамжиж, 10 жил хэлэлцэж, мэтгэлцэж энэхүү төслийг боловсруулсан. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно” хэмээн хэлэв. Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс гадна 13 асуудал нэмж хэлэлцэхээр болжээ.
Тухайлбал, “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан УИХ-аас гаргах шийдвэрийн төслийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр тогтжээ.