Германы төдийгүй Европт томоохонд тооцогддог Deutsche банк бүтцийн бүрэн шинэчлэл хийх үүднээс 18,000 ажилтан цомхотгохоо албан ёсоор батлан мэдэгдсэн байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын банкны бизнесийг танах үүднээс хэсэгчлэн удирдлага, бүтцийг солиход 2,8 тэрбум еврогийг алдагдал учирна гэжээ.
Ажлын байраа алдах 18,000 ажилтан аль салбар хэлтсээс халагдах нь одоогоор тодорхойгүй ч банкны зүгээс Лондон, Нью-Йорк дахь хувьцааны борлуулалт, худалдан авалттай холбоотой үйл ажиллагааг бүрэн зогсооно хэмээн мэдэгдэж байна. Лондонд л гэхэд 8,000 ажилтан тус банкны салбар нэгжид ажил эрхэлж байна.
Дээрх тоо баримтаас гадна дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг салбаруудаас 2022 он гэхэд 74,000 ажиллах хүчийг танаж дахин төлөвлөхөд 7,4 тэрбум еврогийн алдагдал хүлээнэ гэдгийг ВВС мэдээлэв. Энэ бол өнгөрсөн олон арван жилийн хугацаанд гарч байгаагүй маш том өөрчлөлт шинэчлэл байх болно гэж Deutsche банкны гүйцэтгэх захирал Кристиан Севинг хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн шинэ эхлэл, шинэ үйлчилгээ биднийг дахин дэлхийн шилдэг банк санхүүгийн байгууллага болгоно гэжээ.
Deutsche банк өнгөрсөн дөрөвдүгээр сард гол өрсөлдөгч Commerzbank-тай хамтран ажиллах хэлэлцээр хийхийг оролдсон боловч бүтэлгүйтсэний дараа бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийхээ албан ёсоор зарласан юм. Германы Засгийн газар хэлэлцээрийг дэмжиж байсан ч хэт эрсдэлтэй ба ашиггүй ажиллана гэж үзсэн тул татгалзжээ.
Deutsche банк сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын банкуудыг цөөлж бизнесээ сэргээхээр хэд хэдэн оролдлого хийсэн. Хамгийн сүүлд шилдэг гүйцэтгэх захирлуудын нэг хөрөнгө оруулалтын банкны тэргүүн Гарт Ричийг чөлөөлсөн билээ.
Эх сурвалж: www.bbc.com