СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-08

Улсын баяр наадам уухайн түрлэгээр эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Дуламсүрэн

Нар хурц төөнөх бүгчим халуун өдрүүд үргэлжилж, наадмын уур амьсгал хэдийнэ оржээ. Төрийнхөө тугийг машиндаа өлгөн явах жолоочид ч мэр сэр харагдах болж. Арга ч үгүй биз. Аймаг, сумдын баяр наадам эхэлж, улсын наадам өнгөрсөн бямба гарагт урианхай сур харваагаар эхэллээ. “Өвөг сур” хэмээн нэрлэгддэг урианхай харвааны төрөлд энэ жил 170 гаруй харваач оролцлоо. Наадмын эхлэл, сурын өвөг болсон цэц мэргэдүүдийн гарамгай авьяасыг тольдсон урианхай сур харваанаас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна.

Монгол, урианхай, хүннү гээд олон төрлийн дээлээр гангарсан 18-аас дээш насны мэргэд сурын талбайд цугларсаар л. байна. Энэ тухай Монголын Урианхай сурын харвааны холбооны тэргүүлэгч гишүүний нэг, спортын мастер Б.Цогттөмөр “Урианхай сурийн онцлог бол баяр наадмынхаа эхэнд харваж эхэлдэг “өвөг сур” юм. Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд ч харваж байдгаараа онцлогтой. Урд өтвөгөөс 2.5 метрийн зайд онох бай байдаг. ” гэв. Гайхалтай шүү. Оносон л бол оноонд тооцно гэж боддог байсан зүйл төсөөллөөс дээгүүр дүрэм журамтай аж. Зурхайд байгаа харваачдыг ажвал үнэхээрийн гавшгай, мэргэчүүд юм. Мөн энэхүү төрөлд зөвхөн эрчүүд оролцдог бөгөөд бахархмаар, омогшмоор, сүр жавхлант утгыг өргөдөг гэнэ. Харваачдын ярианаас сонсвол салхи, бороогүй тогтуун өдөр тохиож байгаа нь завшаантай хэрэг. Урианхай сураар хичээллэдэг мэргэчүүд өвлийн цагт даарч, салхины чигийг тааруулан харвахад ур чадвар ихээхэн шаарддаг аж. Ийн өгүүлэх тэдэнд зуны улирлын бэрхшээл тийм ч хэцүү биш байгаа бололтой.

Харин Австрали улсаас оролцож буй харваач Роберт Монголд ирээд гурван жил болохдоо хоёр жилийн хугацаанд нум сум харваж сурчээ. Тэрбээр ан гөрөө хийх ихээхэн сонирхолтой байсан нь энэхүү спортод татагдах гол хүчин зүйл болсон гэнэ. Робертод тулгардаг гол бэрхшээл нь цаг агаарын эрс тэс байдал. Манай зуны улирал хэтэрхий халуун байдаг нь хүндрэлтэй санагддаг болохыг онцолж байв. Эртний монголчуудын дайн тулаан, ан гөрөө хийх зорилгоор ашиглаж байсан зэвсэг спортын төрөл болж шинэ залуу олон харваачдыг төрүүлж байгааг ахмад харваачид биет өв болгон үлдээж байгаадаа талархаж байгаагаа дамжуулсан юм. 

Наадмын нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж, харваачдыг сурын талбайн хойморт цугларахыг зохион байгуулагчид дуудлаа. Хүндэтгэлийн тугийг тойрон зогсох харваачид эрч хүч, амжилтын төлөө тэмүүлж байгаагаа илтгэн мөр цэх, итгэл дүүрэн харцтай зогсох аж. Нээлтийг Байгал орчин, аялал, жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Урианхай сурын харвааны холбооны төлөөлөгчид эхлүүлж, алтан соёмбот тугаа мандуулах торгон мөч ирлээ. Хүндэтгэлийн тугийг Монгол Улсын гавьяат багш, хүндэт мэргэн Ц.Ядамжав, өнгөрсөн жилийн наадмын урианхай харваанд улсын мэргэн цол хүртсэн залуу харваач Т.Очироо нар өргөж, төрийн дууллаа эгшиглүүлснээр нээлтийн арга хэмжээ өндөрлөв.

Урианхай харваанд улсын мэргэн 15, спортын мастер 66, спортын дэд мастер 24 тэргүүтэй 178 харваач цэц мэргэнээ сорьсон нь энэ. Урианхай суран холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Энхсайхан “Шүүгчдийн бүрэлдэхүүн өмнө жилтэй адилхан байна. Зурхайн таван шүүгч, ерөнхий нэг шүүгч байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд улсын мэргэн хоёр, бусад нь спортын мастерууд шүүн хэлэлцэх юм. Тодруулбал, урианхай сурын улсын мэргэн Ж.Мягмар, хошой мэргэн Д.Мөнхгэрэл, спортын мастер н.Бямбажав, н.Алтантулга нар байна” гэв.

Урианхай сур харваанд нэг хүн гурван удаа зурхайд гардаг. Нэг гараанд 10 сум тавих дүрэмтэй. Нийт 30 сум тавьж хувийн амжилтаар нь жагсаан ялагчийг тодруулдаг байна. Хэрэв харваач зураас хэтэрсэн буюу “өтвөг” туссан тохиолдолд оноонд тооцохгүй хатуу журам бий.

 

Бид өнгөрсөн жилийн наадамд түрүүлж улсын мэргэн цол хүртсэн Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хорооны харваач, урианхай сурын улсын мэргэн Т.Очироотой цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн жил 30 сумаас хэдийг нь онож улсын мэргэн цол хүртсэн бэ?

-Үндэсний их баяр наадмын Урианхай сур харваанд 30 сумаас 27 нь онож түрүүлсэн. Тэр үед бэлтгэл сургуулалт сайн байсан. Тиймдээ ч зэрэг, дэв анхиж чадсан хэрэг. 

-Энэ жил бэлтгэлээ бүрэн хангаж чадсан уу. өрсөлдөгчдийн чадвар хэр байх шиг байна вэ?

-Хэдхэн хоногийн өмнө улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэрхүү тэмцээн нь харваачдын цэц мэргэнээ сорих урьдчилан бэлтгэл болж өглөө. Тэмцээний өнгөнөөс харахад харваачдын бэлтгэл сургуулалт сайн, оноо тэнцүү гарах магадлалтай санагдсан.

-Урианхай сураас өөр харваагаар хичээллэж үзсэн үү?

-Би үндэсний сураар хичээллэдэг. 2015 онд Үндэсний сур харваанд үзүүрлэж гарамгай харваач цол хүртсэн амжилттай байгаа.

 

Цол ахиулах шинийг сурах хүсэлтэй харваачид ахмад харваачдын арга барилыг алдалгүй ширтэнэ. Тэдний бүсэнд сураар хийсэн элдэв зүйл унжиж, зүүн гараа сураар ороосон байв. Бүсэнд зүүсэн сурын хувьд баруун талын оосор нь сумаа хийдэг углуурга аж. Харин зүүн тал дахь хоёр ширхэг бөөрөнхий сур нь онох бай буюу “чих”-ийг дуурайлган хийдэг гэнэ. Ингэснээр онож чадаагүй, хожигдсон харваачдын зүүсэн чихийг авч газар тавиад ялагдагчийг бөгсөөр нь тавьж шийтгэдэг байна. Тэрхүү шийтгэлийг багийн тэмцээнд оролцоход мөрддөг аж. Харин ханцуйгаа сураар боодог нь нумны хөвч цохихгүй, цэвэрхэн харвахад дэм болдог байна. Энэ мэт эртний өв соёлоо хадгалан үлдэгч харваачдын эхний таван байр шалгарлаа.

Нэгдүгээр байр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат аймгийн ЗДТГ, “Гигант” хүнсний сүлжээ дэлгүүр, “Гүрт богд” ХХК-ийн харваач улсын мэргэн, спортын мастер 30 сумаас 30 онодог рекорд эзэмшдэг Ц.Батзориг хоёр дахь удаагаа түрүүлж урианхай сурын хошой мэргэн боллоо.

Хоёрдугаар байрт, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат спортын мастер, аймгийн мэргэн Т.Одгэрэл шалгарав.

Гуравдугаар байрт,Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат шинээр спортын мастер цолны болзол хангасан З.Ариунбат

Дөрөвдүгээр байрт, Завхан аймгийн Тэс сумынн харъяат улсын мэргэн Б.Хатансайхан

Тавдугаар байрт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат спортын мастер Б.Батбаатар нар шалгарсан. Үндэсний их баяр наадмыг нээсэн Урианхай сур харваа амжилттай болж мэргэдүүдээ тодров. Тэгвэл өчигвөр буриад сурын шилдгүүд тодорсон бөгөөд энэ жил 200 гаруй харваач оролцсон байна. Харин өнөөдөр өсвөрийн харваа эхэлж, эрхий мэргэн, эрч хүчээрээ өрсөлдөх харваачдын хараа хурц, зурхай мэргэн байх болтугай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.