СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Морьтны харвааг Монгол гайхамшиг болгосон Н.Алтанхуяг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Б.НАМУУНТАМИР

“Чингисийн хүрээ” жуулчны баазтай залгаа байрлах ногоон уулын бэлд цавьдар хээрийн жолоо сойлттой харагдана. Түүний хажууханд 4-5 морь идээшилж буй. Мөн хаяа нь шуулттай гурван цагаан гэрийн гадаа хүннү дээлтэй харваач залуус гар барилдаанаар хүчийг үзэн цог золбоо, эр бяраа гайхуулцгааж байлаа. Тэдний нэг болох гуч шүргэж яваа болов уу гэмээр нуруулаг, дүрлэгэр том алаг нүдтэй хүн манай сурвалжлах багийг угтан авч гэртээ урив. Энэ хүн бол Монголын үндэсний морьт харвааны холбооны дэргэдэх “Намнаа” клубын захирал багш, морьт харваач Н.Алтанхуяг юм. Тэрээр одоогоор улсын их баяр наадмын бэлтгэлдээ шамдаж байна. Гэрт нь орвол гэрийн шал нь зүлгээрээ, дээр үеийн хийцтэй жинхэнэ монгол гэрт бөөн нум, сум, хувцас хэрэглэл, хазаар ногт харагдана. Яг л музейд буй мэт. Ийнхүү өв уламжлал бүрдсэн сайхан орчинд морьт харваач Н. Алтанхуягтай ярилцсанаа хүргэж байна.

Бид яриагаа түүний бага ахуй наснаас эхэлсэн юм. Тэрээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, аав нь Хужирт сумын, ээж нь Богд сумын уугуул аж. Сагс, гар бөмбөг, тулааны урлаг гээд хичээллээгүй төрөл байхгүй. Багадаа өөрөө өөртөө нум сум хийж тоглодог байсан нь түүнийг өдгөө Монгол өв соёлыг гаднынханд таниулах их амжилтын суурь нь болжээ. Түүний ээж цанын спортын мастер Туяацэцэг. Тэрээр ээжийгээ дагаж мөн л цанаар хичээллэж байсан. Аравдугаар ангиа амжилттай төгсөн МУИС-ийн Философи, шашин судлалын ангид оржээ.

Тэрээр дөрөвдүгээр курсээ төгсөх жилээ ээж, аавынхаа хонхны баяраа тэмдэглээрэй гэж өгсөн 250 мянган төгрөгөөр нь волейболын багийнхаа хүүхдүүдийн зардлыг нь даагаад тэмцээнд оролцохоор явж байсан гэнэ. Багаасаа л спортод ийм элэгтэй хүүхэд байсан гэдэг.

Монгол харваа, үндэсний сурын харваа хоорондоо их ялгаатай

2011 онд их сургуулиа төгсөөд монгол эрчүүдийн өв соёл, сүр сүлд хаана байна гэдгийг судалсан байна. Манжийн эрхшээлд орохоос өмнөх монгол эрчүүд ямар байсан тухай судалжээ. Мөн нум сумаар хичээллэж эхэлсэн байна. Анх суралцахдаа үндэсний сурын харваагаар хичээллэж эхэлсэн Н.Алтанхуяг одоогоор 20 гаруй шавь бэлтгэжээ. Судалгаагаа хийх явцад нэг л зүйлийг ойлгож авсан гэлээ. Жинхэнэ монгол харваа нь үндэсний сур харваа биш, харин Манжийн үеэс орж ирсэн үхмэл харваа ажээ. Энэ талаар түүхэн зургууд болон эртний монголчуудын эзэлж байсан улс орнуудын харвааны техникийг судалсан.Эртний Монголчууд цэрэг дайнд явахдаа, ан гөрөө хийхдээ, морин дээрээсээ харвадаг байжээ. Үүнийг үндэсний сурын харваачиддаа таниулах зорилгоор тайлбарлаж, нөлөөлөх гэж оролдоход тэд огт хүлээн зөвшөөрдөггүй байсан. Нэг удаа 300 гаруй харваачын тэмцээнд намайг тэдэнтэй адил нум сум барьсангүй, дээл хувцас өмссөнгүй хэмээн тэмцээнээс хөөгдөж байсан нь өдгөө түүнийг морин харваа хэмээх үндэсний урлагийг хүмүүст таниулах нэг шалтгаан болсон байна. Өмнөд солонгосчууд бол манай эртний харвааны өв соёлыг тээж үлдсэн ард түмэн аж. Энэ төрлийн харваанд зэрэг цол гэж байдаггүй. Мэргэн л гэж хүн байсан байна.

Морь унасан, нум сум харвасан нь зөвхөн Монголчууд гэж дэлхий төсөөлөх ёстой

Түүний харамсаж явдаг зүйл нь “Өнөөдөр наадмын талбай дээр цүдийсэн гэдэстэй, манж дээл өмссөн нөхөд харвах нь мэдэгдэхгүй наадамчид, жуулчдыг хүлээлгээд зогсдог. Уг нь эртэй цогтой, морь унаад харвадаг жинхэнэ эрэмгий дайчид, цогтой, эрсдэлтэй үзүүлбэрийг жуулчдад харуулах ёстой.

Аль ч орны иргэн буюу жуулчид бидний өвөг дээдсийн сүр хүчийг морин дээр давхиж буйгаар харахыг хүсдэг.

Бид яг л энэ талын морьтон гэсэн имижээр, түмэнд түгсэн нэрээ л нутагшуулж, наадмын нэг төрөл болгохын төлөө зорьж байна. Гэтэл манайх энэ соёлоо тоохгүй байсаар ЮНЕСКО-гийн өв соёлд бүртгүүлж чадаагүй, өмнөд солонгосчуудад алдсан шүү дээ. Морь унасан, нум сум харвасан нь зөвхөн Монголчууд гэж дэлхий төсөөлөх ёстой байтал өнөөдөр солонгосчууд дэлхийн аваргын чансааг тодорхойлж байна. Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд өөрсдөө тэр соёлоо тээсэн байх шаардлагатай. Солонгост ажиллаж, амьдардаг Эрдэнэ гэдэг залуу дэлхийн аварга болсон. Мөн дэлхийн томоохон тэмцээн уралдаанд түрүүлсэн тамирчид манай морьт харвааны холбоонд ч зөндөө бий. Үүнийг харамсалтай нь хэн ч мэдэхгүй. Бүгд л бөх, хурдан морь, сур харваа гэдэг ч хурдан морьдыг унаад, дэлхийг эзэлж байлдан дагуулж байсан өв соёлоо гайхуулсан мундаг тамирчдаа тоохгүй байгаа нь харамсалтай” гэж Н.Алтанхуяг хэлсэн юм.

Монголын хамгийн анхны морьт харвааны клуб байгууллаа

Дэлхийн талыг эзэлсэн Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлддэг ч тэдгээрийн цэргийн эрдмийг нь сонирхдоггүй. 800 гаруй жилийн тэртээ Монгол цэргүүд морин дэл дээр зэвт сум тавьж, эрхий мэргэнээ гайхуулдаг байсан. Намнаа клубийн сургалтын талбай нь Чингисийн хүрээтэй залгаа байрлах хээр тал ба тэрбээр хүүхдүүддээ морь унах, харвах, зэрэг хойч үедээ энэхүү ахуй соёлыг Монгол улсынхаа нэрийн хуудас болгохоор зорьж байгаа нь энэ. Зуны гурван сардаа эндээ зуншдаг бөгөөд сургалтаа, бэлтгэлээ ч бас хийдэг аж. Хурдан морины эрчит давхиан дунд нум сум харвахыг “Намнаа” гэнэ . Морьт харваа цэвэр мэдрэмж шаарддаг. Морины хурдан давхиа, цогион дунд байгаа шагайж, хүссэн газраа ононо гэдэг бол цэвэр мэдрэмж юм.

Морьт харвааг хөгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь хөрөнгө санхүү

Тэрээр “Морьт харвааг хөгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь хөрөнгө санхүү. Морьт харваа материаллаг орчин маш их шаарддаг.

Ядаж л морь давхих зам тавих, мориноос харвах бай, бай нь олон янз байх ёстой гээд л материаллаг зүйлс их хэрэгтэй байдаг. Анч дайчин, махчин шувууд болох харцага, бүргэд, шонхор зэргийг ан гөрөөнд сургахыг шувуулахуй гэж нэрлэсэн. Дэлхийд Falconry гэгддэг энэ соёлыг НҮБ-ын ЮНЕСКО-д найман улс албан ёсоор соёлын өв болгож бүртгүүлсэн байдаг гэлээ.Мөн бэлтгэлийн гарын ая даах сумыг гадаадаас л захиж авчирч байна. Нэг сум дунджаар 6-18 мянган төгрөг. Нум нь 300 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй. Одоохондоо морьт харваачдын хэрэглэдэг нум сумыг монголчууд хийж чаддаггүй нь гайхшил төрүүлж байлаа. Тэдний яг хэрэглэдэг нум одооны нумаас тэс өөр. Энэ нь эвэр нум хийх уламжлалаа үгүй хийсэнтэй холбоотой. Наадмын харваачдын харвадаг нум нь хийц, техник нь хүртэл манж гэдгийг онцолж байлаа. Жинхэнэ монгол нум ямар байсан талаар өөрийн хийсэн судалгааны дагуу гадаадад тусгайлан ихэнх нумаа захиалгаар хийлгэдэг аж. Тэр нь их үнэтэй. 5-6 сая төгрөг болдог аж.

“THE HU” хамтлагийн хүннү дээлийг өөрөө урлав

Н.Алтанхуяг өөрийн нь болон багийнхны нь өмсөөд буй дээлийг одоогоос 800 гаруй жилийн тэртээх морьтон баатруудын дээлний археологийн олдворыг харж, яг дуурайлган хийсэн байна. Дан ганц өөртөө ч гэлтгүй эхлээд баг, тамирчиддаа урлан түүндээ урамшин “Хуяг” нэртэй өөрийн брендээ нээсэн байна. Анхны дээлээ хийх гэж 10 гаруй оёсон. Бүтэлгүйтээд л, өөр болоод л байсан. Удаан оролдсоны эцэст сурсан даа хэмээн инээмсэглэн хэлж байлаа. Бүх дээлээ өөрөө урладаг бөгөөд гадныханд Монгол соёлоо таниулж яваа “THE HU” хамтлагийн бүх дээлийг оёсон байна. Багадаа нэрт жүжигчин Брюс Лигийн шүтэн бишрэгч байсан бөгөөд өөрөө ч мөн тулааны урлагаар хичээллэн, тулааны урлагийн клуб байгуулан мөн л багшилдаг байна. Мөн эдний багийнхан Холливуудын ертөнцөд монгол хүний үнэ цэнэ, тэсвэр тэвчээр, ур ухааныг гайхуулж “Мулан” кинонд тоглож нэрээ гаргасан гэдгийг онцолъё.

Түүнд түүхэн киноны морьтон баатарт тоглох санал нэлээдгүй ирдэг бөгөөд яг одоогоор “Синглэ лэдиэс-4” кинонд дүр бүтээж, байлддаг үзэгдлийнх нь найруулагчаар ажиллаж байгаа байна. Хамгийн сүүлд “Сүүн замын сахиул” хэмээх шинэхэн кинонд мөн л баатрын дүр бүтээсэн байна. Улсын баяр наадам ч гэлтгүй, аймаг орон нутгийн даншиг, наадмуудад урилгаар очдог байна. Тэрбээр хэлэхдээ “Манай клубт жүжигчин, дуучин, тэр ч бүү хэл миссүүд ч ирж суралцдаг. Ёстой л нөгөө найман настай балчраас наян настай буурал гэдэг шиг. Энэхүү сайхан өв уламжлалаа алдагдуулахгүйн тулд хойч үедээ өвлүүлэхээр хичээн шамдаад байна даа” гэв.

Ийнхүү өрөөлийн л адил эгэл төрх, өнгө хөөгөөгүй энгийн араншин, алсыг харсан үзэл бодлоор зүрхээ хулдаж халуун омгоор нь хамаг Монгол амьсгалж байгаа залуугийн амьдралын нэгээхэн хэсгийг сонирхуулахад ийм байна.

2019.7.8 ДАВАА №136, 137 (6103, 6104)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.