Монголын улаан загалмай нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жилийн ой тохиожээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан гадас” одонгоор шагнах зарлиг гаргасан байна. Үүнд:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, гамшигт өртсөн иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нөхөн сэргээх үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, сайн дурын ажилтнуудын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монголын улаан загалмай нийгэмлэгийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай”
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулжээ.