Лондоны Кристийс дуудлага худалдаагаар Египетийн фараон Тутанхамуны 28 см өндөр баримлыг зургаан сая ам.доллараар худалджээ. Каирын эрх баригчид уг баримлыг хулгайн замаар нутгаасаа алдсан гэж үзэж байгаа тул дуудлагаар худалдахыг эсэргүүцэж эргүүлж авахыг шаардсаар байсан юм.
Дуудлага худалдааны дараа худалдан авагчийн нэрийг нууцалсан байна. Египетийн Эртний эдлэлийн яамнаас Кристийс дуудлага худалдааны ордон болон НҮБ-ын Дэлхийн өв соёлыг хамгаалах газарт хандан зарж борлуулахгүй байх хүсэлтийг илгээжээ. Лондон дахь Египетийн элчин сайдын яам Их Британийн Гадаад хэргийн яаманд хөшөө дурсгалыг эргүүлэн өгөхийг шаардаж байжээ.
Уг баримал нь ердөө есөн настайдаа фараон болсон залуу Тутанхамуны дүрийг буулгасан маш ховор эд өлгийн зүйл юм. Тутанхамун 19 нас хүртлээ 10 жилийн хугацаанд буюу МЭӨ 1333-1323 он хүртэл хаан ширээнд суусан билээ. Нил мөрний сав Хаадын хөндий дэх түүний бунхнаас баримлыг бусад эд өлгийн зүйлс түүхийн үнэт олдворуудын хамт олж байжээ.
Кристийс дуудлага худалдааны ордон олон улсын үзэсгэлэнд танилцуулах хүртэл Египетийн эрх баригчид сураглаж, санаа тавиагүй гэсэн байна. Гэсэн ч Египетийн талаас музейд байршиж дэлхийд таниулах хаадын хааны ховор нандин бүтээл хэн нэг баян хүний харанхуй өрөөнд хадгалагдах нь харамсалтай гэж үзжээ. Уг баримлыг 1988 онд Луксор хот дахь музейгээс хулгайлагдсан ба эргэн олдож эх нутагтаа буцаж ирэхэд бэлэн болсон байсан гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com