Монголын түүх шашин, соёл, урлагийн гайхамшигт өв болсон Чойжин ламын сүм музей 111 нас хүрч байна. Чойжин ламын сүм музей олон арван жил дуншсан, хамгийн хэрэгцээтэй байгаа орчны тохижилтын ажил ид дундаа явж байна.
MSC групп эхний ээлжинд 800 метр.кв орчны тохижилтын ажилд санхүүжилт хийж, Монголын урлагийн зөвлөл мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөө өгч улсын төсвөөр "Зэндмэнэ суврага" ХХК дээврийн засварын гүйцэтгэгчээр нь ажиллаж байна. Музейн засварын ажлыг 2018 онд тус музейд хийгдсэн нөлөөллийн судалгаанд тулгуурлан хийж байгаа гэнэ.
Занхан сүмийн дээвэр 100 гаруй жил засвар хийгээгүйгээс ялимгүй бороонд дусаал гоожиж түүх соёлын хосгүй үнэт өвөөс гадна Төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, энгийн ардуудын шүтэж ирсэн сахиус, бурхад устах аюултай байсан.
“Зэндмэн суврага” компани Занхан сүмийн вааран дээврийг керамик дээвэртэй хамтатган сольж сайжруулж байгаа юм байна.
"Зэндмэн суврага" ХХК-ийн инженер "Монголд анх удаа маш сайн чанарын дээврийн керамик хавтан, сайн чанарын цавуулаг шавраар дээвэр сэргээн засварлалт хийж байна. Түүх соёлын дурсгал гэдэг утгаараа бид бүрэн солихгүй хуучин байдалтай нь хамтатгаж сэргээн засварлана” гэсэн юм.
Нөлөөллийн судалгаагаар ургамал, мод түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалт ямар эерэг сөрөг нөлөөтэй талаар ШУА-ын ботаникчид дүгнэлт гаргаад тэр дагуу бүх модыг сугалж, олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгжилт, зүлэгжүүлэлтийн ажлыг MCS ХХК-ийнхан хийж байна. Ингэснээр Централ Таурын өмнөх цэцэрлэг шиг орчинг бий болгох гэнэ.
Тохижилт, засварын ажил энэ сарын 1-нд дуусах байсан ч цаг агаарын улмаас хойшилсон тул энэ сарын 8-н гэхэд дуусгахаар ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн энэ сарын 8-нд Чойжин ламын сүм музейд “Үдшийн музейд-Жазз” арга хэмжээ болох бөгөөд энэ үеэр музейн өнгө төрөх хэрхэн өөрчлөгдсөнтэй танилцах боломжтой. Уг үйл ажиллагаанд ирснээр музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол Улсын Филармонийн Баянмонгол чуулгын шилдэг уран бүтээлчдийн “Жазз” хөгжмийн гайхамшигт тоглолтыг үзэх боломжтой юм.