Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
(Төрийн шагналт, Ардын уран зохиолч агсан Б.Лхагвасүрэн)
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.
Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.
Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн...
Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосны дундаас
Зургаан даага сугарсан сан...
Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй
Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...
Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж...
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.
Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.
Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.
Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Монгол наадам эхэллээ
(яруу найрагч Л. Пионер)
Түмэн олон баясах Монгол наадам
Түүх шаштираа дээдлэх Монгол наадам
Бахархах шүтээн Монголынхоо сүлдэн дор мөргөмүй
Бадарч дэвжихийг бэлгэдэж эв эе сахьюу
Зургаан насны морьд талыг хэмжиж хурдална
Зураг шиг ганган дүрслэл тэнгэрийн дор бууна
Монгол жаал хүүгийн хийморийн од гялалзаж
Молор эрдэнэ хүлгийнхээ шандас сорьсон наадам
Аварга арслан заанууд цолоо дуудуулж омгорхоно
Арван засгийн хүчтэнүүд дэвжээ дүүргэн ханхайна
Эр бяр эд хаваа уралдуулж барилдах
Эрийн жудаг ханхалсан Монгол наадам
Дөчин нумын газар уухайн дуу цуурайтна
Дөрвөн зүгийн салхийг хагалж зүссэн эрчтэй
Эвэр нумаа эвшээлгэж хасаа юугаа онилно
Эрхий мэргэний цэцтэй Монгол наадам аа
Сумын наадам
( Ардын уран зохиолч агсан Д.Пүрэвдорж)
Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
Наадам айсуй
(яруу найрагч Ж.Баянмөнх)
Хөөрхөн шувууд жиргэн зуныг магтан дуулахуй
Хөдөө талын цэцэгс найган ганхаж бүжнэ
Хүүхдийн гийнгоо хадаж морьдын төвөргөөн сонсогдохуй
Хөх тамгат Монголын эрийн гурван наадам айсуй
Зээрийн нялх янзага зэрэглээнд төөрөн эндүүрэхүй
Зэсэн улаан наран хоймор голлож өнжөнө
Тос нь хөвсөн айраг шөнөдөө исэж хонохуй
Торго алаглан хуарлах наадмын өдөр айсуй
Нартай хуртай хоногууд жаргал зураглан үргэлжлэхүй
Наадам тоссон өдрүүд тарлах морьдын тоостой
Өвгөн уяачийн сэтгэл нойр оо мартан дэгэлзэхүй
Өрлөг түүхтэй Монголын эрийн гурван наадам айсуй
Арван наймтай хүүгийн ааг бяр нь амтагдахуй
Айсуй наадмын дэвжээн дээр учраагаа даваж зүүдлэнэ
Айлын жаахан бүсгүй торгон тэрлэг урлахуй
Амрагийн дуу аялан наадамд яаран гэгэлзэнэ Монгол наадам айсуй
Дугуй хээтэй наадам
(Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар)
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа
Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай, наадам эхлэх
Наадмын их өрнөл,наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хийморь болдог сүрийг би наадам гэж бэлгэшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойросхийн алхжээ явах хүн хүнээс наадам сонсон холхижээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амсхийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдасхийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харинаа гэхээр
Сумын захиргааны орой дэрвэсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоо гуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурахыг яана
Шинийн хорины өглөөнөөс зунаа хүлээж тайтгарахад
Шингэн сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа