Б.Цэнд-Аюуш
УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр бэлтгэж байгаа билээ. Ерөнхийлөгчийн саналын дагуу хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар наадмын дараа буюу энэ сарын 16-нд эхлүүлэхээр болсон. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Төслийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан улс төрийн намын удирдлагууд хэвлэлээр байр суурь илэрхийлснийг хүргэе.
МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР:
-Одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж бид үзэж байгаа. Ард түмнээс санал асуух нэрээр өөрсдийнхөө удирдлага дор ажилладаг хүмүүсээ авчирдаг. Үндсэн хуулийг төлөөлөгчид биш ард түмний өргөн оролцоотой өөрчлөх хэрэгтэй. Тиймээс одоо хийх гэж байгаа өөрчлөлт ард түмний эрх ашигт хэрхэн нөлөөлөх тухай үндэслэл гаргаж, одоогийн Үндсэн хуулийнхаа дутагдлуудыг зас.
Ард түмэн бол анхдагч, төр засаг хоёрдогч гэдгийг Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Үндсэн хуулийн 6.1, 6.2-т Байгалийн баялаг нь ард түмний болон төрийн өмч байна. Мөн түүнийг ард түмний эрх ашгийн төлөө төр захиран зарцуулах тухай заасан байгаа. Энэ буруу заалт нь ард түмнийг ядууруулж байгаа юм. Учир нь, төрийн өмч гэдэг нь дарга нарын өмч болчихоод байна. Байгалийн баялаг төрийн өмч, төр захиран зарцуулах эрхтэй учраас хүн бүр УИХ-д гарах гэж зүтгэж байна. Гэвч одоо 6.2 дахь заалтыг давтаад, энэ зүйл заалтад өөрчлөлт хийхгүй байгаа учраас өөрчлөлт гэж үзэхгүй. Өмчийн хэлбэрийг өөрчлөхгүй бол ард түмний сайн сайхны төлөө зарцуулна гэсэн ч дарга нарын өмч хэвээр үлдэнэ. Байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй. Зөвхөн ард түмний өмч байж, иргэн бүр эзэн нь гэсэн гэрчилгээ авах ёстой. Тэр гэрчилгээгээр дамжуулж, баялгаас ашгийн хувиа авч, эмнэлэгт үнэгүй үзүүлж, боловсролыг үнэгүй олгохоор тусгах хэрэгтэй.
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Иргэдийн зүгээс одоогийн парламент болоод эрх барьж буй намыг ямар ч ёс зүйгүй байгааг хэлж байна. Эрх баригч намын 64 гишүүнээс 50 гаруй нь ЖДҮ, концессын гэрээний хэрэгт холбогдчихсон. Гэвч тэдэнд одоог хүртэл хариуцлага хүлээлгэхгүй байна. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авчихсан. Энэ өөрөө төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт олон зүйлээс шалтгаалан эрх баригчдад Үндсэн хуульд гар хүрэх, өөрчлөлт хийх эрх байхгүй. Бүх ард түмэнд мэдээлэл хүргэж, тэднээр хэлэлцүүлэхийн зэрэгцээ бүх улс төрийн нам, төрийн бус байгууллагуудын саналыг авч өөрчлөлт хийх ёстой. Харин эрх баригч МАН-ынхан хэт олонхдоо эрдэж, хүч түрэн өөрчлөлт хийвэл дорвитой зүйл болж чадахгүй. Энэ нь магадгүй Үндсэн хуулийн хямрал руу түлхэж мэднэ.
УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сүүлийн гурван парламентын турш ярьсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ард иргэдээс саналыг нь авч, олон нийтээр хэлэлцүүлэн төсөл боловсруулсан. Улмаар төслөө УИХ-д өргөн барьж одоо хэлэлцээд явж байна. Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд төслийг танилцуулан санал авсан. Иргэдийн зүгээс төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч санал нэгдэхгүй зохицуулалтууд байгааг хэлсэн байна. Тиймээс бид төслийн зарим зохицуулалтыг өөрчилж, нэмж байна. Тухайлбал, байгалийн баялаг төрийн өмч гэсэн заалт нь огт хөндөгдөөгүй заалт учраас бид одоо шууд өөрчилж болохгүй.
Харин тодотгож “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах одоо болон ирээдүйд аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх ашиг, хууль ёсны эрхийг нь хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” гэсэн заалтыг нэмж тусгахаар болсон. Мөн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулж өгч байна.
МҮАН-ын дарга Б.ЦОГТГЭРЭЛ:
-Улс орны төсвийг хэдэн тийш нь цацдаг үрэлгэн байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зогсооно. Мөн 6.1-д газрын хэвлий доорх баялаг ард түмний өмч гэж заасан заалтаа 6.2-д үгүйсгэсэн заалтыг өөрчилж, боловсронгуй болгох ёстой. Энэ талаар улс төрийн намууд саналаа нэгтгэж байгаа. Хэрвээ энэ заалтыг одоогийнхоор баталбал бид улс орон, газар нутгаа гаднынханд алдах эрсдэлтэй. Тиймээс энэ заалтыг маш сайн анхаарч, өөрчлөх ёстой.
БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЗОРИГОО:
-Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Одоо эрх барьж буй МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөхөөр УИХ-аар хэлэлцэж байна. Бидний зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэгтэй санал нийлж байгаа ч МАН-ыг ёс суртахууны хувьд боломжгүй гэж үзэж байна. Төсөлд Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, хариуцлагаа хүлээх, “давхар дээл”-ийг тайлах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах зэргээр санал нийлэх олон зохицуулалт байна. Тиймээс БНН-ын тухайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тодорхой асуудлууд дээр дэмжиж буйгаа илэрхийлж байна. Гэхдээ хүлээж авах боломжгүй зохицуулалтууд байна. Тухайлбал, улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох шаардлагатай. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа тодорхой тусгах ёстой. Ингэхгүй бол хэн дуртай нь сонгуулийн өмнө хуулийг өөрчилж байна. Ингэж болохгүй. Эдгээр асуудлыг олон нийтээрээ хэлэлцэж санаа бодлоо хуваалцах хэрэгтэй. Түүнээс бус хэн нэгэн захиалагч этгээдийн цуу үгээр явах ёсгүй.