УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл бэлэн болсон. Энэ төслийг Засгийн газар оруулж ирэхгүй байгаагаас үүдэн цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болж байна. Хэзээ энэ хуулиа оруулж ирэх вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
Х.Нямбаатар, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь аминд чинь ч хүрч магадгүй шүү
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хав дарж хамгаалаад байгаа авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэгчээс болж Монголын ард түмэн хэрхэн хохирч байгааг, цаашид хэрхэн хохирч үлдэх, яагаад энэ асуудлыг бид бүхэн дахин дахин хөндөх ёстой болохыг факт чект нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар хүргэж байна.
Улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар нэг тэрбум орчим төгрөгийн авлига авсан болох нь тогтоогдсон МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны дараа Монголын Ард түмэн гэнэт сэхээрч, Монголыг цөлмөсөн эрхмүүд Эрүүгийн хуульд хулгайгаар заалт оруулах замаар өөрсдөө ял шийтгэлгүй үлдэх гэж байгааг ойлгоцгоосон юм.
Статистикын үндэсний хорооны албан ёсны мэдээллээс харахад зөвхөн 2018 онд л гэхэд авлигын гэмт хэргийн улмаас төрийн өмчид 656.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгаа нь 2007 оны үеийнхээс 32.5 дахин өссөн үзүүлэлт ажээ.
Авлигачдын зөвхөн 2018 онд улсаас хулгайлсан 663,214,000,000.00 сая төгрөгөөр
· Монгол Улсад амьдарч байгаа 60 дээш настай 215,731 ахмад настанд 3,074,263 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгож болох байсан
· Монгол Улсын бүх иргэн болох 3,284,404 хүнд 201,928 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж өгч болох байсан
· 920 хүүхдийн суудалтай 101 сургуулийг шинээр барьж Улаанбаатарын бүх хүүхдийг 1-2 ээлжээр сургуульд хамруулж болох байсан
· 240 хүүхдийн ортой 358 цэцэрлэгийг шинээр барьж бүх хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулж болох байлаа
Монгол Улсыг тонон цөлмөж, зарж үрж, хагартлаа баяжсан авлигачдын хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг нэн даруй хэлэлцэж, Эрүүгийн хуулийг өөрчлөхгүй бол дараах хэргүүд хэрэгсэхгүй болж, авлигачид гэм зэмгүй үлдэнэ.
1. Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьж улсад 105 тэрбумын хохирол учруулсан гэх Жастын Ш.Батхүүгийн хэрэг
2. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гадаадынханд ашигтайгаар батлуулсныхаа төлбөрт 1.85 сая ам.долларыг Швейцарын банкин дахь дансандаа авсан Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг
3. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эхлүүлснийхээ төлбөрт АНУ-д 10 хаус авсан гэх Ерөнхий сайд С.Баярт холбогдох хэрэг
4. Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Японд 536 сая, Солонгосын Чежү аралд 600 төгрөгийн хаусыг авлигаар авсан Д.Сугарт холбогдох гэмт хэрэг
5. Чингис, Самурай бондоос босгон бондын хөрөнгийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад эргэн төлөгдөөгүй асар их өрийг бий болгосон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт холбогдох гэмт хэрэг
6. “Алтан дорнод Монгол” компаниас 4 сая ам.долларын авлига авсан гэх Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд холбогдох гэмт хэрэг
7. Монголбанкнаас холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар их хэмжээний зээл олгосон гэх Н.Золжаргалд холбогдох гэмт хэрэг зэргээр тоочоод байвал барагдаж, дуусахгүй авлига албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болохоор байна.