АНУ-ын “Washingtonpost.com” сайт дээр “Washington owes Mongolia an apology” гарчигтай нийтлэл өнгөрсөн лхагва гарагт гарчээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвлөх Жон Болтон Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн билээ. 2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри БНХАУ болон ОХУ-ын дунд орших ардчилалын баянбүрд болсон тус улсад айлчилснаас хойш АНУ-ын өөр өндөр албан тушаалтан тус улсад айлчлаагүй байсан юм. Хэдийгээр Жон Болтоны Улаанбаатарт хийсэн айлчлалыг Америкийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн ч айлчлалд ач холбогдол өгөх бус харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахдаа улстөрч асан, сэтгүүлч Такер Карлтоныг дагуулж яваад Жон Болтоныг үл тоосондоо Монголд айлчлуулсан мэтээр мэдээлсэн.
Угтаа бол Жон Болтоны Монгол Улсад хийх айлчлалыг хоёр тал сарын өмнө төлөвлөсөн байсан юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хэвлэл мэдээллийн агентлагууд Иванка Трамп болон Цагаан ордны тэргүүний дэлхийн улс орнуудын удирдагчидтай хийсэн хоёр талт уулзалт болон Хойд Солонгосын хилийг давж 20 алхам хийсэн үйл явдлыг л онцолж байсан гэхэд хилсдэхгүй. Харин Иванка Трампыг гадаад бодлогын гол тоглогч мэт аашилж байхад Жон Болтон жинхэнэ утгаараа гадаад бодлого явуулж байв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд, Парламентын дарга нартай уулзсан билээ. Жон Болтоны хувьд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы үед Сангийн сайд, эцэг Бушийн үед Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Жеймс Бейкерийн нэгэн адил АНУ, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ямар чухал болохыг сайн мэддэг дипломатчдын нэг. Жон Болтоны Монголд хийсэн айлчлалыг ач холбогдолтой болсон гэж дүгнэж болно. Нөгөө талаас АНУ-д Монголтой хийх бизнес ч бий. Тэр ч утгаараа Конгресс Монгол Улстай хийх худалдааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэлэлцэж байгаа. Монгол бол Япон, БНСУ-ын адил НАТО-гийн түнш орон. Түүнчлэн Монголын цэргүүд Афганистан, Ирак гэсэн дэлхийн хамгийн халуун цэгүүдэд энхийг сахиулдаг. Энэ утгаараа тус улс нь дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний дунд тусгаар тогтнол, эрх ашгаа хамгаалан оршин тогтнож буй нээлттэй эдийн засагтай, ардчилсан улс билээ.
Жон Болтонд айлчлалаа эхлэхээс нэг секундын өмнө цуцлах бүрэн эрх байсан. Гэхдээ тэр айлчлалаа цуцлалгүйгээр Монголыг зорьсоныг туршлагатай шинжээчид зөв сонголт болсон гэж дүгнэж байна. Гэвч энэ нь Жон Болтон бүх зүйлийг зөв хийсэн гэсэн үг бас биш. Таван жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчтай гар бариад зогсож байна гэдэг бол хэний ч санаанд оромгүй зүйл байсан. Харин өнгөрсөн жил тэд түүхэндээ анх удаа уулзсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт түүх болон үлдсэн. Энэхүү чухал түүхийг бүтээхэд Монгол Улсын оролцоо асар их байсан юм. Тэгэхээр Жон Болтоны Улаанбаатарт хийсэн айлчлал нь Монгол Улсад хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй, өөр том зорилгыг агуулж байсан нь харагдаж байгаа юм. Мэдээж Монголын эрх баригчид дэлхий дахинд Вашингтон болон Улаанбатарын харилцаа хүчтэй байгаа вэ гэдгийг харуулахыг хүсч байгаа. Харин Жон Болтон гэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байнга шүүмжлүүлдэг нөхөр тус улсад айлчилж, үүнийг нь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үед ач холбогдолгүй айлчлал хийсэн мэтээр мэдээлэх нь манай хоёр улсын хооронд үүссэн найрсаг харилцаанд саад учруулахыг үгүйсгэхгүй.