Оросын Баренцовын тэнгист албан үүрэг гүйцэтгэж байсан цэргийн шинжлэх ухаан, судалгааны гүнд шумбагч аппаратад гал гарч багийнхан унтраахаар оролдсон ч чадалгүй 14 албан хаагч амь үрэгдсэн эмгэнэлт явдал болжээ. Гал гарч осол болсон аппаратыг одоо Северморскийн тэнгисийн баазад авчраад байна гэж ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч адмирал Николай Евменов мэдээлсэн байна.
Энэ баг Оросын тэнгисийн цэргийн флотын сонирхлын үүднээс дэлхийн далайн ёроол, орон зайг судлах зорилготой байсан гээд хөлгийн нэрийг Батлан хамгаалах яам нууцалсан байна. Оросын РБК хэвлэл гүний шумбагчийг “Лошарик” нэрээр алдаршсан атомын АС-12 аппарат гэж эх сурвалжаас авснаа дамжуулжээ.
Усан доогуур гүний шумбагч АС-12-ыг Улсыг аюулаас хамгаалах хорооны захиалгаар 1980-аад онд гүнд шумбагч техник хэрэгслийн зохион бүтээгч ОХУ-ын баатар Юрий Коновалов төслийг нь боловсруулж бүтээсэн юм байна.
Амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын дотор ОХУ-ын баатар хоёр байсан гэж мэдээлж байна. Тэд бүгд Петербургт байдаг цэргийн ангид бүртгэлтэй ч ямар салаа салбар болох нь нууц гэнэ. Зөвхөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Гүний судалгааны удирдах газарт захирагддаг, тэдний тухай мэдээлэл нь “маш нууц”-ын зэрэглэлд ордог байжээ. Үүнээс үүдээд энэ багийг тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан байх гэсэн хардлага байна.
“Google”-ийн хайлтаар бол усан доогуур шумбагч энэ багийг гүний шумбагч атомын станцын 18510 болон 1910 гэсэн төслийн хэсэг гэж байна. Үйл явдал болоод бараг хоёр хоног өнгөрч байгаа ч нас барсан дайчдын нэрсийг Батлан хамгаалах яам зарлаагүй байна. Тэднийг бүгд Ленинградын уугуул, даалгавар биелүүлэхээр гарах бүртээ Петербургээс нисч яваад нисэх онгоцоор эргэж ирдэг байсан гэж хэвлэлүүд бичиж байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу долдугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ нас барсан дайчдын дунд нэгдүгээр рангийн ахмад долоо, ОХУ-ын баатар хоёр байсан гэдгийг мэдээлжээ. В.Путин энэ ослыг “том гарз хохирол” гэж нэрлэсэн байна.