Өнөөдөр дэлхий даяар 1,1 тэрбум хүн цэвэр усны гачигдалтай амьдарч байна. Мөн цэвэр усгүйгээс болж өдөр бүр 4500 хүн нас барж байна...
Дэлхий дээр хүн уух боломжтой усны нөөц ердөө нэг хувь. Хоёр хувь нь хойд мөсөн далай, умард арктикт бий. Нэг хувь цэвэр усны нөөцийн 0,02 хувь нь Хөвсгөл нуур. Монгол орны цэвэр усны нөөцийн 74 хувийг дангаараа бүрдүүлдэг.
Хэрэв Хөвсгөл нуур бохирдол Монгол улс усны хомсдолд орно гэсэн үг.
Гэвч...
Өнөөдөр Хөвсгөл нуурын эко системийн нөөц, даацын судалгаагүй газар олголтоос үүдэн нуурын усны чанарт асуудал үүсч эхэлсэн. Анх аялал жуулчлал эхэлж байсан 1997 онд гурван жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 117 болж нэмэгджээ. Харин судалгаагаар 60 жуулчны бааз үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай юм.
Өөрөөр хэлбэл, нуурын эко системийн даац хэтэрснээр усны чанар алдагдаж, хөрс бохирдож, нуур орчмын тоосжилт ихэсч, захаасаа замагтаж эхэлснийг судалгаагаар тогтоожээ.
Тиймээс Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх санаачилгыг өнгөрсөн хавар “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ, “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ууд хамтран гаргасан юм. Харин одоо уг санаачилгын хүрээнд ”Далай Ээж” Эко - Соёлын аяныг зохион байгуулж эхэлжээ.
Дэлхийн өвд багтахын тулд гурван гол шалгуурыг хангах ёстой.
1. Хосгүй
2. Нөхөгдөшгүй
3. Унаган төрхөө хэвээр хадгалсан байх. Дэрх гурван шаардлагыг Хөвсгөл нуур хангаж буй учир тэд Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг ийн эхлүүлжээ.
- Хөвсгөл нуурыг олон улсын хэмжээнд танигдана. Ингэснээр олон улсын, байгаль, соёлын аялал жуулчлал хөгжинө.
- Байгалийн өвд бүртгэгдсэн өвийг хамгаалах, шинэчлэх, эрсдлээс хамгаалах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулж жил бүр хоёр сая долларын санхүүжилтийг хуваарилдаг байна. Хөвсгөл нуурыг хамгаалахад БОАЖЯ-аас ч хангалттай төсөв хуваарилж чаддагүй энэ үед олон улсаас санхүүгийн дэмжлэг авах нь чухал.
- Онцгой тохиолдолд байгалийн гамшиг, эрсдэл тохиолдсон үед олон улсаас хамгаалалтын ажиллагаа явуулдаг. Нэг ёсондоо Хөвсгөл нуурыг дэлхий хамгаалж эхэлнэ гэсэн үг юм.
Энэ аяны хүрээнд Монгол, Австрали, Непал, Англи, Шинэ Зеланд, АНУ, Пакистан зэрэг найман улс орны байгаль хамгаалагч, зураач, дуучин, хөгжимчин, эрдэмтэн судлаач, хуульч зэрэг 25 уран бүтээлч монголд иржээ. Тэд 2019 оны 7 дугаар сарын 05-19-ний хооронд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн чиглэлээр 2 долоо хоногийн турш Эко-Соёлын арга хэмжээ зохион байгуулах юм байна. Тэдний Хөвсгөл нуурыг хамгаалах аянд яагаад нэгдсэн талаарх сэтгэгдлээс нь хуваалцлаа.
Крейг Мэйсон- Шинэ зеланд улсын Ойн эко систем судлаач, дуучин
- Би Шинэ Зеланд улсад төрсөн Австрали улсад ажиллаж, амьдраад 15 жил болж байна. Өмнө нь ихэвчлэн ойг хамгаалах олон улсын төслүүдэд их оролцож байсан. Энэ удаад усыг хамгаалах төсөлд оролцож байна. Ус бол хүн болгоны хувьд чухал зүйл. Тиймээс олон улс даяараа усаа хайрлан хамгаалах нь зайлшгүй шаардлагатай. Өмнө нь Монголд ирж байсан хүмүүсээс Хөвсгөл нуурыг гайхамшиг, цэвэр, тунгалагийн тухай их сонсч байсан. Би усыг яагаад хайрлан хамгаалах нь чухал вэ гэдэг талаар уран бүтээлээ хүргэх болно.
Тикал де Мерү – Франц улсын дуучин, ая зохиогч
- Би 2009 оноос хойш Монгол улсад очиж үзэхийг мөрөөдсөн. Одоо энэ мөрөөдлөө биелүүлж байна. Яагаад гэхээр би бөө, шаманизийн үйл ажиллагаа маш их сонирхдог. Хүн бол байгалиас ангид оршихуй биш, нэгдмэл. Тиймээс байгаль орчноо хайрлан, хамгаалж чадахгүй бол нэгдмэл байж чадахгүй. Өөрөөр хэлбэл, бид байгалиа сүйтгэвэл өөрслийгөө сүйтгэж байгаа хэрэг. Тийм учраас би Хөвсгөл нуурыг хамгаалах аянд нэгдсэн.
Миний уран бүтээлийн маш их хувь нь байгаль орчинтой холбоотой. Би, чи, бид бүгд хаанаас ирсэн байсан ахуй, орчин нь байгаль. Байгальдаа хүнлэг бус хандвал хүн өөртөө хүнлэг бус хандаж байгаа хэрэг гэж боддог.
Саймон Бак – Англи улсын уран зураач
- Би Монголд анх удаагаа ирж байна. Монголд ирэхэд багагүй урт замыг туулж ирсэн. Маш их сэтгэд хөдөлж байна. Ер нь байгаль орчныг хамгаалах нь уран бүтээлч бидний үүрэг гэж ойлгодог. Тиймээс ч Хөвсгөл нуурыг хамгаалах аянд нэгдэж байгаа юм. Энэ төслийн талаар
С.Машбат – Урчуудын эвлэлийн гишүүн, зураач
- Хөвсгөл нуур бол зөвхөн монголчуудын биш олон улс, дэлхий даяар яригдах эко өв. Энэ аянд уран бүтээчийнхээ хувиар оролцож байгаадаа баяртай байна. Миний танил, найз нөхөд, уран бүтээлчид зөвхөн зураад, бариад, байгаль хамгаалах тухай яриа биш биеэрээ оролцохыг уриалж байна.
Мөн “Далай ээж” олон улсын хөгжмийн үдшийг 07/09-ны өдөр ON'N OFF продакшны байранд зохион байгуулах юм. Уг хөгжмийн үдшийг СТА дуучин С.Наран зохион байгуулж , МУГЖ дуучин Ө.Уянга, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар уран бүтээлээрээ дэмжиж оролцох бол комеди арт Б.Идэрбат хөтлөх юм байна.
Хөвсгөл нуураа хамгаалах аянд нэгдсэн Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Самбуугийн Машбат, чөлөөт уран бүтээлч Цоодолсүрэнгийн Амарсайхан, зураач н.Төгс-Оюун нараас гадна Автрали улсын уран зураач Бенжамин Ноа, Английн уран зураач, барималч Саймон Бак, Непал, Бангладешийн уран барималч Рити Махаржан, Анисул Хакэ нарын уран зургийн дуудлага худалдааг зохион байгуулах юм байна.
Дуудлага худалдаа болон хөгжмийн үдшийн орлогыг аяны үйл ажиллагаа болон Хөвсгөл нуурыг хамгаалах сангийн дараа дараагийн үйл ажиллагаанд зарцуулах юм. Мөн дээрх уран бүтээлчид 7-р сарын 14-15-нд Хатгал тосгонд Эко гудамж тохижуулах, "Далай ээж" хөгжмийн үдэшлэг зохион байгуулах зэрэг лон арга хэмжээнд оролцох ажээ.
Хөвсгөл нуурын танилцуулга
136 км урт, 20-40 км өргөтэй, 260 орчим метр гүн, эргийн шугамын урт 414 км бөгөөд Монгол орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг бүрдүүлдэг энэ нуураас зөвхөн Эгийн гол эх авч Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгаль нуурт цутгадаг.
Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг. “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.
Хөвсгөл нуур нь хүйтний улирал эхлэхэд хөлдөж, олон сар мөсөн бүрхүүлтэй байх бөгөөд дээхэн үед нуурын мөсөн дээгүүр Хатгал тосгон ба ОХУ-ын хил орчмын суурин газруудын хооронд тээврийн хэрэгслээр бараа материал тээвэрлэж байсан. Эдгээр тээврийн хэрэгслүүд мөс цөмлөн живж нуурын усанд холилдож байсан тохиолдлууд цөөнгүй бий. Өнөө үед нуурыг бохирдохоос хамгаалах үүднээс мөсөн дээрх тээвэрлэлтийг бүрэн зогсоосон болно.
Хөвсгөл нуурын талаарх тоон баримтууд :
Улаанбаатар хотоос Мөрөн 680 км.
Мөрөн хотоос Хатгал тосгон 104 км.
1. Монголын хамгийн гүн нуур 262,4 м.
2. Монголын хамгийн урт нуур 136 км.
3. Монголын хамгийн тунгалаг нуур 24-25 м.
4. Монголын хамгийн цэнгэг нуур 1 промиль.
5. Монголын хамгийн зузаан мөс тогтдог нуур 1,5 м.
6. Монголын хамгийн олон гол цутгадаг нуур 99 гол.
7. Монголын хамгийн богино нэртэй гол эх авдаг Эг.
8. Монголын хамгийн их цэвэр усны нөөцтэй нуур 381 км3.