Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр болж, маргааш менежментийг эхлүүлэх ёслол болох юм. Мөн энэ өдөр Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замыг нээх юм байна.
Уг ёслолын үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцох юм.
Ерөнхий сайд 2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд шинэ нисэх онгоцны буудлын ажлын үйл явцтай танилцах үеэрээ "Энэ Засгийн газрын хамгийн чухал ажлын нэг шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах. Ирэх жилийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмаар шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж хүсэж байна. Энэ өдөр Япон, Монголын хооронд түүхт өдөр болно. Сэтгэл, итгэл, зүтгэл гурав хамт байхад ямар ч ажил бүтнэ гэж бодож байна" хэмээж байжээ.
Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлнэ. “Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иений зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна.
Тодруулбал, компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм байна. Японы Засгийн газраас энэхүү төсөлд зориулан олгосон нэн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт энэ жилээс эхэлж байгаа бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.1-0.2 хувь байхаар тогтсон билээ.
Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Тус хурдны замын хувьд Нисэх Яармагийн уулзвараас эхлэн Хөшигийн хөндий хүртэл үргэлжлэх бөгөөд буцаж эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой юм.
Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэх бөгөөд хамгийн том нь 53 мянган метр кв хэмжээтэй терминал юм. Нислэгийн цамхгийг 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьжээ. 800 метр кубийн багтаамжтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 машины зогсоол, 200 машины дулаан зогсоол зэргийг бариад байна. Мөн нисэх буудлын зурвасыг бетоноор барьсан бөгөөд манай улсын хамгийн том бетонон байгууламжид тооцогдож байна.
Нисэх буудал онцгой объект тул бүх барилга нэмэлт генератортай юм байна. Мөн 1.5 км урт хонгилыг газар доогуур барьжээ. Цахилгаан холбоо, цэвэр бохир усны гэсэн хоёр салаатай хонгил нь манай улсын анхны газар доорх байгууламж аж.
“Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Манай айрпорт зурвас маань 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой. Төслийн хүрээнд нийтдээ 33 барилга байгууламжийг бид хүлээн аваад байна. Мөн цас цэвэрлэх, онгоц чирэх зэрэг газрын тусгай үйлчилгээний 157 тоног төхөөрөмж, техник хэрэгсэл орж ирсэн байгаа. Засгийн газрын санхүүжилтээр Захиргааны барилга баригдаад дуусч байна. Нисэх онгоцны буудал бүхэлдээ ашиглалтад ороход бэлэн болсон. Нийслэлтэй нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал тойрсон ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний хувьд Сонгино дэд станцын асуудал дээр хамтран ажиллах асуудал байгаа” хэмээн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог өмнө нь дурдаж байсан билээ.
Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэ ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа ажил эхлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ. Эдгээр ажлын байрны ихэнхийг нийслэлийн иргэдээс сонгон шалгаруулж авах юм.