Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Энхийн-Од эх орондоо амарч байгаад АНУ-ыг зорьсон. Өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнд АНУ-ын хэд хэдэн сургуулиас суралцах хүсэлт ирсэн юм. Ингээд Ш.Энхийн-Од 2019-2021 онуудад АНУ-ын “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон тухайгаа дуулгалаа.
Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүкт нийтлэхдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэр сар болж байна. Би энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа.
Миний бие 2019-2021 онуудад “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа.
Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr нар сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэж бичсэн байна.
Тэрбээр Монголд байх хугацаандаа хэд хэдэн томоохон тэмцээнд оролцсоноос гадна 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн билээ. Ш.Энхийн-Од манай сайтад өгсөн ярилцлагадаа Монголын анхны NBA тоглогч болох мөрөөдөл зорилготой хэмээн хуваалцаж байсан бөгөөд түүний мөрөөдөл нэг шатаар ахисанд баяр хүргэе.