Японы өмнөд хэсгийн 13,3 сая оршин суугчтай Кюшу арлын ихэнх нутагт өнөөдөр их хэмжээний бороо орох тул сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхийг эрх баригчид тушаажээ. Тус аралд сард дунджаар 319 мм хуртунадас ордог бол дан ганц пүрэв гарагт 300 мм гаруй хэмжээтэй усан бороо цутгаж, үерийн аюул нүүрлэж болзошгүй байна.
Кюшу арлын Кагошима мужид ердөө 24 цагийн дотор урьд өмнө орж байгаагүй их хэмжээний бороо орж хөрсний гулсалт үүсч үер болохыг анхаарууллаа. Энэ муж нь 1,6 сая хүн амтай, энэ долоо хоногийн эхэнд Кагошима хотод хөрсний гулсалтаас болж нэг эмэгтэй амь эрсэджээ.
Японы цаг уурын газраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулан мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийжээ. Хурлын дараа Ерөнхий сайд Шинзо Абэ Батлан хамгаалах хүчний 14,000 бие бүрэлдэхүүнийг онц байдал зарласан бүс нутагт илгээхээр болсон гэдгийг цахим сүлжээнд мэдэгдсэн байна.
Япон улсад зургаа, долдугаар саруудыг борооны улирал гэж үздэг. Өмнөд нутгаар үүлэрхэг, хүйтэн цаг агаар зонхилдог байна. Өнгөрсөн оны долдугаар сард үерийн улмаас 200 орчим иргэн амиа алдсан нь 2011 онд тохиосон газар хөдлөлт, цунамигаас хойш хамгийн их гарз хохирол учруулсан байгалийн гамшиг болсон юм.
Эх сурвалж: www.cnn.com