Өнөөдөр АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна. Тусгаар тогтнолын баярын өмнөхөн БНАСАУ-аас Вашингтоныг амар тайван ур амьсгалыг эвдэж дайсагнаж байна хэмээн буруутган хурцаар шүүмжиллээ.
НҮБ дахь Пхеньяны төлөөлөгч Америкийн Засгийн газар эдийн засгийн хориг арга хэмжээнд хэт шунаж цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрийг үл тоомсорлон ухаангүй үйлдэл гаргалаа хэмээн зэмлэв.
Өнгөрсөн ням гарагт Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгосын зэвсэггүйжүүлсэн бүсэд гэнэтийн уулзалт хийж, Умард Солонгосын хилийн дээс алхаж түүхэнд тэмдэглэгдсэн билээ. Тэд гурав дахь удаа нүүр тулан уулзахдаа хоёрдугаар сард болсон Ханойн дээд хэмжээний уулзалтаар зогсонги байдалд орсон цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг дахин сэргээхээр санал нэгдсэн тухай олон улсын хэвлэлүүд бичиж байв.
Трамп албан үүргээ гүйцэтгэж байхдаа Умард Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Америкийн анхны Ерөнхийлөгч болсон. Гэвч Умард Солонгосын талаас лхагва гарагт хийсэн мэдэгдэл сэтгэл дундуур байгааг илэрхийлж байна.
Америкийн холбоотон Франц, Герман, Их Британи улсууд хамтарсан захидал бичиж НҮБ-д өргөн барьсан нь Умард Солонгост нийлүүлэх боловсруулсан түлш шатахууны импортыг улам чангатгах утгыг агуулжээ. Дональд Трамп, Ким Жон Ун нарын гурав дахь дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн илгээсэн захидлыг энхийг эсэргүүцсэн үйлдэл гэж Умард Солонгосын төлөөлөгч анхааруулав.
Эх сурвалж: www.cnn.com