Т.БАТСАЙХАН
“ТВ9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөртэй ярилцлаа.
-Эрх баригч намынхан Үндсэн хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж эхэллээ. 27 жилийн хугацаанд Монголын ард түмэн, төрийг холбох гүүр болж ирсэн Үндсэн хуулийг болохгүй, бүтэхгүй байна, өөрчлөх ёстой гэж зүтгүүлж эхэлсэн. Тэгэхээр бидний 27 жилийн түүхийг бичсэн энэ хууль үнэхээр буруу, муу явж ирсэн юм уу. Өөрчлөх цаг нь болсон юм уу. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Үндсэн хуулийг өөрчилж болно. Хүний амьдрал баялаг учраас өөрчлөлт шинэчлэлийн асуудал байх нь зөв юм. Гэхдээ өөрчлөлт ярихаасаа өмнө 1992 онд батлагдсан Үндсэн хууль маань өнгөрсөн хугацаанд хэр үр дүнтэй байв. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна. Хүний эрхийг дээдлэнэ гэдэг заалтууд хэр биелэлээ олов. Монголын ард түмэн энэ Үндсэн хуулиас хүсэн хүлээсэн зүйлээ авч чадсан юм уу зэрэг суурь асуудлыг эхлээд ярих байсан юм. Энэ асуудлуудад анализ дүгнэлт хийснийхээ дараа ямар зүйл заалтад ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг зүйл гарч ирнэ. Бүх өөрчлөлт тодорхой явагдана. Ингэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн бол илүү үр дүнтэй болохоор харагдаж байна.
-Улстөрчид Үндсэн хууль өөрчлөгдсөний маргаашаас эхлээд амьдрал сайхан болчих юм шиг л ярьж байна. Үнэхээр бодит өөрчлөлт болж чадах болов уу. Та юу гэж харж байна?
-Одоогийн өөрчлөлтийн төсөлд засаглал хоорондын харилцаа, тэдний эрх мэдлийн хуваарилалттай холбоотой заалт нэлээд оржээ.
Тухайлбал, УИХ-ын ажиллах хугацаа, Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотой асуудал, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, шүүгч нарыг хэрхэн томилох вэ гэсэн харилцааг түлхүү зохицуулжээ. Энэ өөрчлөлтүүд үнэхээр амин чухал байсан уу. Монгол Улсын дугаар хорооны иргэний амьдралд хэрхэн яаж нөлөөлөх үү гэдэг уг нь чухал юм. Ер нь аливаа хуулийн өөрчлөлт нь ард иргэдийнхээ амьдралыг хэрхэн сайн сайхан болгох, улс орны эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ гэдэгт л чиглэгдэх ёстой. Ийм Үндсэн хуулийн өөрчлөлт манай улсад нэн тэргүүнд хэрэгтэй байна. Түүнээс биш засаглалын бүтэц, тэдний хоорондын үйл ажиллагаатай холбоотой асуудал нь нэн чухал асуудал мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна.
-Засаглалын хямрал манай улсад нүүрлээд байгаа нь үнэн. Гэхдээ ингэж өөрчилснөөр хямрал шийдэгдэх юм уу?
-\Засаглалын хямрал манай улсад үнэндээ асуудал болж байна. Гэхдээ Үндсэн хуулийг ингэж өөрчилснөөр тэр олон асуудал шийдэгдчихнэ гэж хэн батлаад байгаа юм. Тийм баталгаа байхгүй л дээ. Ямар төсөөлөл, хууль зүйн дүгнэлт хийсэн юм. Тухайлбал, УИХ-аас сайд нарыг томилохоо больсноор Засгийн газрын үйл ажиллагаа сайжирч чадах уу. Би тэгж бодохгүй байна. Одоогийн эрх баригчид бол Засгийн газар тогтворгүй байгаа нь нэг эмгэг болоод байна гэж ярьж байна. Гэтэл тэр эмгэг нь яг хаана байна гэдгийг олж харах хэрэгтэй. Тогтворгүй байдал нь эмгэг юм уу. Үүнийг зөв тодорхойлох хэрэгтэй. Магадгүй нэг Засгийн газар 1.6 жилийн настай байна гэдэг төрийн залгамж чанар, тогтвортой хөгжилд саад болж байж болно.
Гэхдээ Ерөнхий сайд нь бүх сайд нараа томилсноор тогтвортой болж чадах юм уу. Одоогийн манай улстөрчид шиг ёс суртахуунтай, хуулийг хүндэлж чаддаггүй, аливаа үйл ажиллагаанд иргэдийнхээ эрх ашгийн өмнөөс дуугарч чадахаа больсон үед бол хэцүү л байна. Харин ч энэ заалт хэрэгжвэл танил тал, найз нөхөд, бүлэглэлийн Засгийн газар бий болох юм биш үү. Мэдээж улс төрийн намын дарга нь Засгийн газраа толгойлж таарна. Намын даргаар толгойлуулсан, УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар чинь төрийн үйл ажиллагааг гацаагаад байна. Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагаа парламентын хяналтаас гарснаар байдал сайжрахгүй. Харин ч хэсэг бүлэг хүмүүс Засгийн газрын эрх мэдлийг булааж аваад дураараа ажиллаад эхлэх тийм нөхцөл байдал үүсч мэднэ.
-Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах ямар арга зам байна вэ?
-Засгийн газрын тогтвортой байдалд санаа зовохоос илүүтэй сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх талаар яримаар байна. Одоогийн тогтолцоогоор бол аливаа асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Хариуцлага хүлээдэг механизмыг бид бий болгож чадаагүй. Ерөнхий сайд аймаг нийслэлийн Засаг даргад өөрийн санаачлагаар хариуцлага хүлээлгэж чаддаггүй. Тийм хуулийн зохицуулалт алга. Яагаад гэхээр аймаг нийслэлийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжилдаг боловч томилох саналыг Иргэдийн хурал гаргадаг. Тэгэхээр Ерөнхий сайд томилсон бол эргээд Ерөнхий сайд нь чөлөөлдөг ийм процесс байх ёстой байхгүй юу. Энэ асуудлыг л Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах хэрэгтэй. Энэ нь жинхэнэ цаг үеэ олсон өөрчлөлт болох байлаа. Гэтэл одоогийн өөрчлөлтөөр бол бүүр үүнийхээ эсрэг байна. Дүүрэг сумын Засаг даргыг иргэдээс нь сонгоно гэсэн байна.
-Нэлээд замбараагүй байдал үүсэх байх даа?
-Тийм ээ. Ерөөсөө Монгол Улсыг 330 улс болгож хувиргана. Ерөнхий сайд супер хүчтэй болох гэж харагдавч яг өөр шиг нь эрх мэдэлтэй 330 хүн Монгол Улсад бий болно гэсэн үг. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл гэсэн Үндсэн хуулийнхаа агуулгатай зөрчилдөж байна. Үүнийг би Монгол Улсын төлөө гэсэн сэтгэлээр хийж байгаа нэмэлт өөрчлөлт гэж бодохгүй байна. Магадгүй гадны их гүрнүүдийн шахалтаар Монгол Улсыг улам сулруулах, бутаргах зорилгоор хийж байгаа өөрчлөлт юм уу гэж харж байна. Мөн засаглалын зарчмаа эвдэж, танигдахын аргагүй байдалд хүргэнэ.
-Монгол Улс парламентын засаглалтай орон. Гэтэл энэ эрх мэдлийг нь нэлээд сулруулсан заалтууд орж ирсэн байна. Парламентын зарчимд хэр нийцэж байгаа юм бол?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Түүний хамгийн гол агуулга нь Үндсэн хуулийг өөрчлөхдөө одоогийн засаглал хоорондын тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Тийм байдлыг хангах үүднээс УИХ-аас санаачилсан Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлаж болохгүй. Засгийн газраас санаачилсан бол Ерөнхийлөгч, парламентын эрхийг хязгаарлахгүй. Ерөнхийлөгч санаачилсан бол УИХ, Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлахгүй гээд заачихсан. Тэгэхээр энэ өөрчлөлт журмын тухай хуулиа хэр баримталсан бэ гэдэг нь мөн л эргэлзээ төрүүлж байгаа юм.
-Нэмэлт өөрчлөлтөөр бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж орж ирсэн л дээ?
-Тийм ээ. Ерөнхийлөгч одоо Монгол Улсын бүх шүүгч нарыг томилж байна. Яагаад гэхээр Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог. Тэднээс эрх мэдлээ авсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө улс төрийн намын харьяалалгүй болдог. Тиймээс энэ хүн шүүгч нарыг томилох нь өөрөө энэ салбарт улс төрийн хараат бус байдал бий болгож байдаг. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн агуулга утга санаа нь энэ юм. Гэтэл энэ удаагийн өөрчлөлтөөр ШЕЗ гэдэг Үндсэн хуулиар эрх олгогдоогүй байгууллага энэ томилгоог хийх гэж байна. Ерөнхийлөгч зөвхөн батламжлах үүрэгтэй болж орж ирсэн. Тэгэхээр 1992 оны хуулийн тэр агуулга, шүүгч нарын хараат бус байх ёстой гэсэн тэр зарчмаас ухарч байна. Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж байна. Мөн эргээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн заалтуудыг хангаж чадахгүй байна.
-Ер нь энэ өөрчлөлтүүд нь эргээд Үндсэн хуулийн бусад заалтууд болон органик хуулиудтайгаа хэр нийцэж байгаа вэ?
-Органик хууль гэхээсээ илүү одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн бусад зүйл заалтуудтай хэр нийцэж байна гэдэг нь чухал. Үндсэн хуульд туссан үг, өгүүлбэр болгон эрх зүйн үр дагавар шаарддаг. Тэгэхээр үг өгүүлбэрийг маш болгоомжтой хэрэглэх ёстой. Хэрэглэсэн үг өгүүлбэр нь хуулийнхаа бусад зүйл заалттай хэрхэн нийцэж байгаа юм гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Одоогийн өргөн барьсан хуулиар бол УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэж заасан. Гэтэл УИХ-ыг хэрхэн яаж бүрдүүлэх талаар Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэд УИХ-ын гишүүнийг шууд чөлөөтэй сонгоно гэсэн. Энэ нь тухайн нэр дэвшигчийн нэрийг иргэд шууд дугуйлна гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр одоогийнхоо Үндсэн хуулиар бол зөвхөн мажоритор тогтолцоогоор сонгуулиа явуулах нь гэж ойлгогдож байгаа биз. Түүнээс биш намын нэрийн өмнөөс УИХ-д орж ирэх тийм эрх зүйн орчин байхгүй. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс хэд хэдэн дүгнэлт гарч байсан. Гэтэл сонгуулийн тогтолцоогоо дур мэдэн өөрчлөхөөр орж ирж байгаа нь Үндсэн хуулийнхаа бусад үг өгүүлбэр, заалттай зөрчилдөөд эхэллээ. Дараагийн нэг асуудал нь УИХ Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн хууль дээр нэмэлт задаргаа хийх эрхгүй, нэмэлт санхүүжилт төсөвт тусгахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн байна. Гэтэл Монгол Улсын төсвийн асуудалд УИХ бүрэн эрх эдэлнэ гээд заачихсан. Онцгой бүрэн эрхэд нь төсөв батлах асуудал орсон байдаг шүү дээ. Энэ заалтууд мөн л зөрчилдөөд эхэлсэн. Тэгэхээр төсөл байхдаа л бусад хууль, тогтоомж, Үндсэн хуультайгаа зөрчилдөөд эхэллээ. Батлагдсаныхаа дараа ямар олон зүйл заалттай зөрчилдөхийг мэдэхгүй байна.
-Ер нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль өөрчилдөг асуудал нэлээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ч энэ зарчмаар оруулж ирэх шиг боллоо. Та юу гэж харж байна вэ?
– Яг тэгж л орж ирлээ. Өнгөрсөн хавраас хойш улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хууль засдаг тийм аргатай болчихлоо. УИХ-ын даргыг хуулиа өөрчлөөд буулгачихаж байна. Мөн шүүгч нарыг чөлөөлөх, түдгэлзүүлэхтэй холбоотойгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Гэхдээ амьдралын нэг тохиолдол болгонд зориулж хуулиа өөрчлөөд байвал манайд эрхзүйн орчин тогтворгүй болно. Тогтолцоо, үзэл баримтлал, зарчимд тулгуурлан хууль өөрчилдөг болохоос биш тухайн нэг үйл явдалд зориулаад өөрчлөх нь замбараагүй байдалд л хүргэнэ. Яг тэр аргаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирлээ.
-Цэцийн гишүүдийн хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн төсөлд оруулах ёстой гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилээр томилохгүй бол хараат болчихлоо гэж ойлгож байгаа бол түүн шиг худлаа юм байхгүй л дээ. Одоо ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жилээр хэрэгжиж байна. Энэ нь УИХ-ын сонгуулийн циклиэс зөрүүлэх зарчмаар хийсэн зохицуулалт юм. Улс төрөөс ангид байх ёстой гэсэн агуулгаар энэ хугацааг зааж өгсөн. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь есөн жил болсноор юу өөрчлөгдөх юм. Улстөрчдийн даалгаврыг биелүүлдэг цэцийн гишүүнтэй байхад бүрэн эрхийнх нь хугацаа зургаа байна уу, ес байна уу ямар ч зарчмын ялгаа байхгүй. Үндсэн хуульдаа үнэнч хүмүүсийг л тэнд аваачиж суулгахгүй бол ажиллах хугацааг нь уртасгаад тэнд шударга байдал тогтоно гэж байхгүй л дээ.
2019.7.3 ПҮРЭВ №134 (6101)