БНХАУ-ын хилийн харуул хамгаалалтын албаны цагдаа нар Шинжиан Уйгурын иргэдийг хянан тагнах зорилготойгоор аялагч жуулчдын гар утсан дахь хувийн мэдээллийг татах аппликейшныг нууцаар байршуулж байгааг The Guardian илрүүлжээ.
Шинжааны исламын шашинтай хүн амын дунд өдөөн хатгах тэрсүүд үзэл гаргуулахгүйн тулд Бээжингийн эрх баригчид гудамж талбай, сүм хийдүүдэд царайгаар таних камерууд суулгаж, гар утсан дээрээ зөвшөөрөгдсөн программ хангамжийг заавал татаж байршуулахыг шаарддаг нь эрх чөлөөг хаан боогдуулсан үйлдэл мөн гэж үздэг. The Guardian-ы илрүүлсэн мөрөөр Киргизстанаас Хятад руу ирсэн зочдын гар утсыг албадан хурааж авч нууцаар аппликейшн суулгаж байна. Уг апп-ын тусламжтайгаар тухайн хэрэглэгчийн гар утсан дахь цахим шуудан, зурвас, хадгалагдсан дугаарууд зэрэг хувийн мэдээллийг нь шууд тагнах боломжтой.
Жуулчдын хэлснээр хил гаалийн ажилтнууд тэдний гар утаснаас юу хайж байгаагаа хэлж анхааруулдаггүй гэжээ. Эрэн сурвалжлах ажлын хүрээнд New York Times, Suddeutsche Zeitung сонины хамт олон мөн ижил баримт нотолгоо олжээ. Иркештамын хилээр гарч байгаа хүмүүсийн гар утсыг харуулууд авч шалгасан байна.
Цахим аюулгүй байдлын шинжээчид, эрдэмтэд нууцлаг аппликейшныг Хятадын компани үйлдвэрлэсэн гэж үзжээ. Америкийн зохиолч Роберт Грийний “Стратегийн дайн 33” баримтад мөн дээрхтэй төстэй нотолгоог нийтэлсэн байдаг.
Хятадын Засгийн газрын мэдээнд жил бүр гадаадын болон дотоодын 100 сая орчим хүн Шинжаанд зочилдгийн ихэнх нь олон улсын аялагчид байдаг гэжээ. Иркештам бол Хятадын баруун хязгаарын гол хилийн бүс ба худалдаачид, жуулчид ихээр зорчдог. Үүгээр хил давж байгаа хүмүүс хэд хэдэн шат дамжлагаар орно. Зорчигчид гар утасныхаа дэлгэцийг онгойлгож хилийн ажилтнуудад бусад камер, комьпютерын хамт хураалгана. Хилийн харуул хамгаалалтын ажилтнууд тэдгээрийг тусдаа өрөөнд аваачиж шалган хэсэг хугацааны дараа эргэж авчирдаг байна.
IPhone гар утаснууд гадны программыг шууд таньж саад хийдэг бол Android үйлдлийн системтэй гар утсууд таньдаггүй. Өмнө нь байгаагүй шинэ апп-ыг харсан хэрэглэгчид устгах тохиолдол бий ч анзааралгүй явсаар байгаа хүмүүс олон. Уг апп-аар дамжсан мэдээлэл хаа хүрдэг болон хэр удаан хадгалагддагийг одоогоор тогтоож амжаагүй байна.
Хэрэв таныг Хятадын хил дээр саатуулж гар утсыг тань шалгасны дараа 蜂采 /Feng cai/ гэсэн ханз үсэгтэй апп нэмэгдсэн байвал анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Энэ жил Шинжааны хил давсан аялагчийн гар утсанд ийм апп суулгасан байсан гэдгийг The Guardian-д мэдээлжээ. Жуулчид үүнийг аяллын компанийн сурталчилгааны апп, аль эсвэл GPS чиглүүлэгч гэж андуурч магадгүй гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com