Бутаны вант улсад төрсөн ой хоёр сартай ихэр эгч дүүс хэвлийгээрээ нийлжээ. Австралийн Мельбурны Хүүхдийн эмнэлэгт хэвлийгээрээ нийлсэн ихэр эгч дүүсийг салгах хагалгаа энэ долоо хоногт хийхээр болж тэд алсыг зорьсон аян замдаа морджээ.
Дава, Нима хоёр бие даан хөдөлгөөн хийх боломжгүй. Харин хагалгааны дараа эгч дүүс биенээсээ салж, амьдралаа өөрчилнө. Мельбурны хүүхдийн эмнэлгийн эмч Жое Крамери “Бид анх энэ тухай сонсоод ихрийг хэрхэн салгах тухай ярилцаж төлөвлөж эхэлсэн. Нэг удаагийн хагалгаагаар салгах боломжтой гэж тооцоолсон” гэжээ. Охидыг салгах хагалгаанд мэс заслын зургаан эмч, олон сувилагч ажиллана.
Ингэж нийлж төрсөн ихрүүд голдуу хэвлийгээрээ нийлсэн байдаг.Зарим тохиолдолд цээжин хэсгээрээ, ховор тохиолдолд гавлаараа нэгдсэн байдаг. Дава, Нима хоёрын хувьд цээж хэсгээрээ нийлээгүй тул хүндрэл бага гарна. “Хагалгааны үеэр хамгийн чухал хэсэг нь дотор гэдэс болоод элгийг салгах явц” гэж Крамери эмч ярьжээ.
Хагалгааны 180,000 долларын зардлыг Мельбурнд байдаг Хүүхдийн сангаас цуглуулсан байна. Охид ой гарсан тул бага зэрэг хоёр биендээ саад болж эхэлсэн гэж ээж нь ярьжээ. Бутан улсад анх удаа ийм ихэр төржээ. 2009 онд Бангладешийн ихэр эгч дүүс Тришна, Кришна нарыг салгах хагалгаа 27 цагийн турш үргэлжилж амжилттай болсон. Уг хагалгааг хийхээс өмнө эмч нар ердөө 25 хувийн найдвартай гэж анхааруулж байжээ. Мөн 2016 онд толгойгоороо нийлсэн ихэр хөвгүүдийг Америкийн эмч нар амжилттай салгасан жишээ буй.
Дэлхий дээр мэндэлж буй 200,000 ихэр тутмын нэг нь нийлсэн ихэр бий. Тэдний 70 хувь нь охид байдаг аж. Эрдэмтэд өндгөн эс хуваагдах үед саад гарснаас нийлсэн ихэр үүсдэг гэж үздэг. 1811 онд Сиам буюу одоогийн Тайландад нийлсэн ихэр Энг, Чанг нар төрж, ийм үзэгдлийг Сиамын ихрүүд хэмээн нэрлэх болсон. Энг, Чанг нар 63 насалж, хоёулаа гэр бүл зохиож 21 хүүхдийн эцэг болсон байдаг.
Эх сурвалж: www.cnn.com