Мариумыг Краби мужийн далайн эрэг орчмоос ээжээсээ салж ганцаараа орхигдсон байхад нь Тайландын далайчид олж байжээ. Ердөө тавхан сартай эхээсээ өнчирч үлдсэн дюгонь гэх далайн өвсөн тэжээлтэн, далайн үхрийн ойрын төрлийн нэн ховор амьтанг байгаль хамгаалагчид өсгөж байна.
Резинэн бээлийнээс сүү ууж, далайн өвсөөр хооллодог эелдэг бяцхан далайн амьтныг Тайланд даяар хайрлан өхөөрдөж байна. Бяцхан Мариумын туслагч ээж нараа тэвэрч буй зураг бичлэг цахим орчинд цацагдаж улс үндэстэн даяар олны хайрыг татжээ.
Дюгонийг далайн эргийн орчимд эргэлдэх усан онгоцуудаас хамгаалахын тулд таних тэмдэг тавьжээ. Тайландын далайн усанд ердөө 200 дюгонь амьдардаг гэж үздэг. Тэд төрснөөсөө хойш 18 сарын турш ээжтэйгээ хамт байж халамжлуулдаг ажээ. Мариум буюу “лусын гүнж” гэсэн утгатай нэр авсан дюгонь өөрийг нь эргэж тойрдог каяк хөнгөн завийг ээж шигээ санаж ихэд дотночлон наалддаг гэнэ. Тиймээс амьтан хамгаалагчид хөнгөн завиа “улбар шар ээж” гэж нэрлэх болжээ.
Тэдний ярьж байгаагаар Мариум далайн нэн ховор төрөл төдийгүй эхээсээ холдсон болохоор яг л жаахан хүүхэд шиг байдаг гэнэ. Хүүхэд өлсөхөөрөө хуруугаа иддэг шиг сэрвээгээ хөхөж эхэлдэг байна. Арай бага өлссөн бол нэг талынхаа сэрвээг, их өлсөж байвал хоёр талын сэрвээгээ амандаа хийдэг гэжээ.
Дюгонь гэгч өвөрмөц далайн сүүн тэжээлтэн гурван метр хүртэл өсч 500 кг жинтэй болж 70 жил амьдардаг. Мариум ой хүрээгүй ч 29,5 кг жинтэй, өндрөөрөө нас биенд хүрсэн хүнтэй чацуу.
Бяцхан дюгонь эхээсээ холдсон тул хэдийд хэрхэн далайн гүнд шумбаж сурах нь тодорхойгүй байгаа. Тиймээс түүнд зориулсан хиймэл нуур хийж гаршуулан хамгаалахаар төлөвлөж байна. Өдөрт нь задгай далайд тавьж, шөнөдөө усан санд буюу шинэ гэрт нь хонуулж байхаар ярилцаж байгаа ажээ.
Мариумд туслах хандивын уриалга цахим ертөнцөд өрнөж одоогоор 1,7 сая бахт буюу 80,000 австрали доллар цугласан байна. Мариумыг жилийн турш асарч хамгаалах зардал ердөө хоёр хоногийн дотор цугларчээ.
Эх сурвалж: www.theguardian.com