Зуны улиралд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин ихэсдэг. Харшил нь гаднын ямар нэгэн биетэд бие махбод хэт мэдрэг хариу урвал үзүүлж байгаа хэрэг юм. Харшлын өвчнүүдийг ерөнхийд нь амьсгалын замын харшлын өвчин болон арьсны харшлын өвчин гэж хоёр хувааж үзнэ.
Ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс гээд харшил үүсэх олон шалтгаан, хүчин зүйлүүд байдаг. Бидний амьдарч буй орчин, ажил мэргэжлийн онцлог, идэж байгаа хоол хүнс зэргээс шалтгаалж харшил үүсэх хүчин зүйлүүдийн нөлөө, тоо маш их болсон.
Манайд ихэвчлэн ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин, гэрийн тоосны хачгийн харшил болон арьсны харшлын өвчнүүдийн хувьд чонон хөрвөс, хордлого харшлын дерматит, нарны харшил зэрэг элбэг байдаг. Харшил бол эдгэрдэг биш сайн эмчлэгддэг хэдий ч анх харшил авсан зүйлтэйгээ ойр байх үед сэдрэх магадлал өндөр байдаг.
Зуны цагт хүмүүс улирлын шинж чанартайгаар амьсгалын замын харшил идэвхэждэг. Тэр дундаа хог ургамал буюу шарилжийн харшилтай хүмүүсийн харшил ид хөдөлнө. Эдгээр хүмүүс эмчид үзүүлж, шинж тэмдэг зовууриа хэлээд эмчилгээний аргуудаас тохиромжтойг нь сонгон хэрэглэж байна.
Долоодугаар сарын 15-аас есдүгээр сарын 1-ний хугацаанд хүмүүсийн ургамлын харшил хөдлөх шинж тэмдэг нь хамгийн хурц үедээ байдаг.
Харшлын шинж тэмдэг илэрмэгц дур мэдэн харшлын эм хэрэглэдэг нь буруу. Ямар оноштой, хэдэн настай байх, хөхүүл жирэмсэн эсэх гэдгээс хамаараад эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай. Мэргэжлийн эмчээс эмийн тунг тааруулж уух хэрэгтэй. Харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээг хавар хийлгэдэг. Ийм тохиолдолд тухайн зундаа харшил тусахгүй.
Харшлын сорилын шинжилгээгээр төрлөө тодорхойлуулж эмчилгээ зөвлөгөөг авах хэрэгтэй. Манайхны дур мэдэх хэрэглэдэг хлорфенаминыг харшлын өвчин бүрт уудаггүй. Нойрсуулах үйлчилгээтэй эм нь харшлын эхэн үед хэрэглэж болох эмд ордог ч байнга хэрэглэж болохгүй. Аливaa эмийг эмчийн заавраар тодорхой хугацаатай уухгүй бол харшил нь улам хүндрэх аюултай байдгийг анхаараарай.