Польшийн гадаадын харьяатын албаныхан Монгол улсын хоёр иргэнийг Украйнаас Польш руу хууль бусаар хүн хил давуулах гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Сэжигтнүүд болох 26 ба 28 насны хоёр эрэгтэйг өнгөрсөн баасан гарагт Краковт саатуулсан байна. Тэд Польшид хууль ёсны дагуу орж ирсэн, оюутны визтэй байжээ.
Украйнаас Польш руу шалган нэвтрүүлэх Бескидкийн хэсгийг хүмүүс "ногоон гарц" хэмээн нэрлэдэг тул үүгээр хууль бус ажиллагаагаа удаа дараа явуулдаг байсан бололтой. Учир нь 2018 оны арванхоёрдугаар сард тус хэсэг дээр таван монгол иргэнийг Голланд, Франц, Монголын дөрвөн иргэн хууль бусаар хил давуулах гэж байхад нь саатуулан шалгаж байсан юм. Сэжигтнүүдийн мэдүүлснээр нэг хүнээс 4000-5000 ам.доллар аван хил давуулдаг гэжээ.
Бид энэ мэдээллийн дагуу ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал Л.Мөнхтүшигээс энэ талаар тодруулахад "Монгол Улсын хоёр оюутан саатуулагдсан талаарх мэдээлэл Элчин сайдын яамаар уламжлагдан ирсэн. Ямар оюутан байсан, хэзээ, хэрхэн баривчлагдсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ.