Ливийн Триполи хотын зүүн дүүрэгт байдаг дүрвэгсдийг саатуулах төвд агаараас дайралт хийжээ. Агаараас хийсэн дайралт, дэлбэрэлтэд өртөж багадаа 40 гаруй цагаач иргэн амиа алдсан болохыг эх сурвалжууд мэдээлэв.
Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Африкаас ирсэн дүрвэгчид байжээ. Дэлбэрэлтэд өртөж 80 гаруй хүн гэмтэж шархаджээ. Олон жилийн турш Европыг зорьсон цагаачдын дамжин өнгөрөх гарц болсон Ливи улсад 2011 онд Арабын хувьсгалын шуурганаар Муаммар Каддафийг хороосноос хойш зэвсэгт мөргөлдөөний уршиг тасраагүй.
Ливийн яаралтай тусламжийн газраас хохирогчдын тоо цаашид нэмэгдэхийг анхааруулжээ. НҮБ-ын дэмжлэгтэй Үндэсний эв эеийн Засгийн газрын тэргүүлэгч Фаез аль Серра мягмар гарагт болсон халдлагыг бие даасан Ливийн үндэсний арми үйлдсэн гэж буруутгасан байна.
Ливийн үндэсний арми олон улсын хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж байсан боловч цагаачдыг түр саатуулах төвд бөмбөг хаяагүй хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com