СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-07-03

Ерөнхийлөгчийн зарлигаас ангид үлдсэн “хонгил”-ын шүүгч нарын хэн нь хэн бэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 26-ны өдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан билээ. Дээрх шийдвэр хууль, шүүхийн салбарыг хөдөлгөөнд оруулж, олны анхаарлын төвд авчраад байна. Нэг талаас, шүүгч нарын авлига албан тушаалын хэргийг таслан зогсоох эхний алхам хийгдлээ гэж үзэх хэсэг байхад нөгөө талаас, шүүгчийн хараат бус байдалд халдлаа гэх хүмүүс ч байгаа юм. Ямартаа ч, нэр бүхий шүүгчдийн эрхийг түдгэлзүүлэх эрх 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр УИХ-аар батлагдсан “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээгдсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, тус хуулиар ҮАБЗ шүүгчдийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах эхний зөвлөмжөө гаргасны дагуу Ерөнхийлөгч ийнхүү зарлиг гаргасан юм.

Сонирхолтой нэр бүхий 17 шүүгчийн дунд АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгуулж байсан зургаан шүүгчийн гурав нь багтсан байлаа. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сард АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий зургаан шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн эрүүгийн хэрэг нээсэн юм. Тэдний гурав нь буюу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарын нэрс багтжээ.
Дээрх шийдвэрт олон нийтийн зүгээс Х.Баттулга “МАНАН бүлэглэлийн хамгаалагч “хонгил”-ын шүүгч нарын эрхийг түдгэлзүүлээгүй байна” гэх хариу үйлдлийг үзүүлж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар нэр бүхий найман шүүгчийн эрхийг нэмж түдгэлзүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Тэд, АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгуулж байсан Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн томилсон, “хонгил”-ын гэгддэг Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг, Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт, Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Ц.Зориг гэж хэн бэ?

Ц.Зориг бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд, 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 онд Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж эхэлсэн. 2016 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Ц.Зоригт Монгол Улсын Гавьяат хуульч цол олгосон юм. Дараа нь хуулийн “булхай” хийж байгаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2016 оны арванхоёрдугаар сарын 5-нд дахин Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон ажээ.
Ц.Зоригийг дахиад Ерөнхий шүүгч болоход олон талаас, ялангуяа хуульчид ихээхэн эсэргүүцэж байсан юм. Тухайлбал, Хуульчдын холбооныхон Ц.Зоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид өөрийгөө нэр дэвшүүлэхдээ Дээд шүүх нийт 25 шүүгчээс 16 шүүгчийн ирцийг бүрдүүлж, “өөрийн хүрээ”-ний 14 шүүгчийн саналаар Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж Хуульчдын холбоо үзсэн байдаг юм.

Ц.Хосбаяр гэж хэн бэ?

Шүүгч Ч.Хосбаярын хувьд өмнө нь прокуророор ажиллаж байгаад шүүгч болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан. Өнгөрөгч 2018 оны ХОМ мэдүүлгээр монголын 500 гаруй шүүгч нарыг манлайлсан. Тэрхүү орлогоо тайлбарлаж чадаагүйн улмаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-д шалгуулж байсан юм. Түүний жилийн орлого гэхэд 248392 сая төгрөг, таван автомашинтай. Харин гэр бүлийнхэн нь орлого 75759 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Түүнийг 2012 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр томилж байсан. Сануулахад “долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх шүүх хурлын даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр оролцож байсан. Түүнчлэн цагдаагийн экс удирдлагуудыг ялласны дараа удахгүй Нийслэлийн шүүгч болж тушаал дэвшиж байсан түүхтэй.

М.Батсуурь гэж хэн бэ?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийн талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгч М.Батсуурийг АТГ, ШЕЗ-д шалгуулахаар болсон байдаг. Түүнийг “Монголын зэс” корпорацын талд үйлчилсэн байж болзошгүй гэж үзэж буй юм. Тухайн үед М.Батсуурийн аав Мишигийн эзэмшлийн компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн гэдэг баримтыг дэлгээд байгаа юм.Тэрээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр 2014 онд томилогдож байжээ. 
М.Батсуурь нь Намтрыг нь үзвэл Мишигийн Батсуурь нь Булган аймгийн Булган суманд төрсөн. “Шихихутаг” Хууль зүйн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль,Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй ажээ.

Б.Цогт гэж хэн бэ?

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Баттогоогийн Цогт Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн гэх шүүгч бүрийн очоод байдаггүй өндөрлөгт хүрсэн энэ залуу чухам яагаад ингэж болов гэдэг анхаарал татаж байгаа юм. Б. Цогт нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Одоо 44 настай. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрх зүйч, улс төр судлаач төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Б.Цогтын эхнэр Сэнгэравдангийн Жанхор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Санхүүгийн тасгийн дарга, Шүүхийн санхүү, хангамжийн хэлтсийн дарга, Улсын Дээд шүүхийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан.

Х.Идэр гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү. Түүний төрсөн ах Х.Тамир нь Тээврийн прокурорын газар ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон алдарт прокурор юм байна.
Х.Идэр шүүгч олны анхааралд өртсөн хэд хэдэн хэргийг шүүж байжээ. Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шийдвэрлэж байсан. Тухайн үед шүүгдэгч Л.Гансүх ч “Х.Идэр шүүгч АТГ-т барьцаалагдсан” хэмээн мэдэгдэж байжээ.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2014 онд зарлиг гаргаж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчээр Х.Идэрийг томилж байсан юм.

М.Алдар гэж хэн бэ?

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар С.Зориг агсны хэргийг шүүх болсноо зарлаж байсан “алдарт” дурлагч нэгэн гэдгээрээ олонд танигджээ. Шүүгч М.Алдар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53 зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон юм.
Тэрбээр даргаа хөнөөсөн хилчид, япон багшийг боомилсон монгол залууг шүүж ял оноосон. Дуулиант хэргийн тухайд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу “Шар хад”-ны эцэст хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн А.Идэрзаяад холбогдох хэргийг шүүж, шийдвэрлэж байсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.