Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам өнгөрсөн сард ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа хэд хэдэн зүйл дээр онцлон өөрийн байр сууриа илэрхийлсэн. Эдгээрийн нэг нь эмэгтэй хойд дүр тодруулбал сэтгэл татам байх болно гэсэн хошигнол байсан юм.
Далай ламын хошигнол шүүмжлэл дагуулах болсон учир Дээрхийн гэгээн сүсэгтэн олон түмнээс хүлцэл өчсөн байна. Түүний төлөөлөгчийн хэлснээр “Далай ламын хэлсэн үг олон хүнийг эмзэглүүлсэнд тэрээр чин сэтгэлээсээ гэмшиж хүлцэл өчиж байна” гэжээ. Энэ жил 84 настай Далай лам ярилцлагын үеэр эмэгтэй залгамжлагчийн талаар ердөө хошигнож хэлсэн гэдгийг ойлгохыг хүссэн байна.
Тэрээр хүйсийн эрх тэгш байдлыг эрхэмлэгчдийн нэг юм. ВВС агентлагт өгсөн ярилцлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ёс суртахууны доголдолтой гэж хэлсэн үгнээсээ мөн хүлцэл өчсөн ба цагаачдыг гэрт нь буцаах талаар орчуулгын алдаа гарсан байж магадгүй гэдгийг сануулсан байна.
Эх сурвалж: www.bbc.com