Ахмад дипломатч, яруу найрагч, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Удвал хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хоёр дипломатч болон Гадаад харилцааны салбарын боловсон хүчний бодлого алдагдсан талаар өөрийн байр суурийг илэрхийлснийг та бүхэндээ хүргэе.
Тэрээр ХБНГУ-д хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчдын талаар:
"Сүүлийн үед хар тамхины наймаа, хэрэглээ газар авлаа гэсэн дуулиан Монгол даяар тархаж үнэхээр сэтгэл сэрдхийлгэх болов. Тэр дундаа гадаад харилцааны албанд зүтгэж буй эрхмүүд харийн хил дамнасан хар тамхины наймаа гэгчид тээвэрлэгч, дамжуулан зөөгчид болж байна гэсэн яриа сонин хэвлэлд гарч "Монголын хоёр дипломат ажилтан Герман улсад баригдсан" тухай мэдээ дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэв бололтой. Үнэхээр дипломат албанд зүтгэж явсан болон одоо энэ албыг хашиж яваа шударга ажилтнууд энэ шившгээс болж "нүүр хийх газаргүй" болж байх шиг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үг байдаг. Шуналдаа автсан, эх орон, ард түмнийхээ нэрийг шавартай хутгасан энэ 2 "дипломат" үе үеийн дипломат албанд үнэнч шударгаар зүтгэж төр улсынхаа Алтан аргамжийг бэхлэлцэж явсан төрийн тусгай албаныхны нэр нүүрийг баастан дэлхийн шившиг болголоо шүү дээ. Дипломат албаны салбарынхан нь харамсавч баршгүй муу нэр зүүлээ. Иймэрхүү зүйл урд нь сонсогдож, зарим нь илчлэгдэж, арга хэмжээ авахуулж байна гэж ярьдаг л байсан. Гэтэл тангараг өргөсөн үе үеийн шудрага дипломатуудынхаа нэр хүндийг уландаа гишгэж шуналын дэв шүглэсэн иймэрхүү сүгнүүд дипломат албанд маань шургалж улмаар зохион байгуулалтанд орсон юм биш биз гэх сэтгэл эмзэглүүлэм бодол төрөх болж байна. Хайран сайхан төрийн эрхэм алба, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад, дунд, залуу үеийнхний маань ариун нэр хүнд, алдар гавьяа хэмээн бодохоос харуусавч баршгүй" хэмээн халаглан бичжээ.
Харин, Гадаад харилцааны салбарын боловсон хүчний бодлого алдагдаж, "шахааны" хүмүүсээр дүүрээд байгаа талаар:
"Сүүлийн үед ГХЯ-ны боловсон хүчний бодлого алдагдаж "шахаасны" гэгдэх долдойнууд энэ албанд олширсны гай энэ биз. ГХЯ бүр сүүлдээ төрийн гадаад харилцааг хэрэгжүүлэхдээ авлигач дээдсийн дохио зангаанд хэт захирагдаж, тэдний хүсэл, шаардлагыг хэрэгжүүлдэг болсон гэлцдэг нь ч оргүй биш. ГХЯ-ны удирдлага энэ байдалд эрхбиш дүгнэлт хийж эгнээгээ цэвэрлэх, боловсон хүчний бодлогоо "шахааны" гэгддэг бохир арга барилаас даруй салгаж гадаад томилгоондоо дотроо сонгон шалгаруулалтын шудрага зарчим баримтлах замаар төрийн тусгай албаныхаа чадавхийг чамбайруулж нэр хүндийг сэргээх цаг болжээ" хэмээн нүүр номондоо бичсэн байна.