Б.Мөнхзул
Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан эхлэхэд яг найм хоног үлдлээ. Энэ цаг үед бөхчүүдийн наадмын бэлтгэл жигдэрч шувтрах талдаа орж байна. Галууд сорилго барилдаанаа хийж, маргаашаас аймгуудын баяр наадам албан ёсоор эхэлнэ. Харин хоёр хоногийн өмнө сумын наадмууд эхэлсэн. Наадмын бэлтгэлээ жигдэлсэн хүчтэнүүдээс аль нутгийн, хэн гэдэг бөх цолоо ахиулах бол хэмээн наадамчин олон дор бүрнээ таавраа дэвшүүлж, сэтгэл догдлон суугаа биз. Тиймээс манай сонин уламжлал ёсоороо цолоо ахиулах бөхийн таамаглалаа дэвшүүлж байна. Энэ жилийн хувьд харцагууд өнгөтэй, бэлтгэл сайтай байгаа. Дээрээс нь хэд хэдэн начингийн наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад онцгой байсныг үндэслэн таамаглалаа гаргалаа. Улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, М.Бадарч, Н.Золбоо, начин Д.Анар, Б.Даваа-Очир тэргүүтэй бөхийг ямар ч байсан цолоо ахиулах бөхчүүдийн тэргүүн эгнээнд нэрлэж болох юм. Доор дурдсан есөн бөх бүгд цолоо ахиулна гэдэг хэцүү. Учир нь гурван аварга, дөрвөн идэр залуу арслан, хоёр гарьд бас байгаа гэдгийг мартаж болохгүй. Ямар ч байсан доорх, есөн бөхөөс 2-3 нь цолоо баталж, улмаар ахиулна. Магадгүй тавын даваанаас хойш тэд хоорондоо тунаж мэдэх юм.
Улсын харцага О.Хангай
Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангайг заан байтугай түрүүлэх хэмжээнд ярихад буруудахгүй. Гэхдээ түүнийг бөх сонирхогчид наадмын одгүй бөх гэж нэрлэх нь бий. Яг л Ч.Санжаадамба аварга шиг. Зааланд баавгай шиг барилддаг атлаа наадмаар санасандаа хүртэл амжилт үзүүлж чадахгүй явсаар нэг л өдөр арав даван түрүүлж аварга цолонд хүрсэн шиг хувь тавилан О.Хангайг хүлээж байхыг үгүйсгэхгүй. Харцага цол авснаас хойш тэр заал танхимын барилдаанд дийлдэхээ больсон. Наадмын бэлтгэл сайн байгаагаа ч тэр гурав хоногийн өмнө болсон галынхаа сорилго барилдаанд харуулаад амжив. Хэдийгээр бэртэл гэмтлээс болоод хэсэг хугацаанд бэлтгэлээс хөндийрсөн түүнийг наадмаар эргэн ирж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй таван бөхийн нэг гэгдэж буй О.Хангайг цолоо ахиулбал баярлах хүн их. Унасан ч сэтгэлийг нь өргөх үнэнч фэн олонтой. Ямартай ч тэр цолоо ахиулах бөхчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэнэ. О.Хангай 2017 онд харцага цол хүртсэн ч өнгөрсөн жил начны даваанд хүрч чадаагүй. Тиймээс бэртэл нь сэдэрчихгүй бол 98 жилийн ойгоор онцгойрч мэднэ.
Улсын харцага Н.Золбоо
Баянхонгорын шилдэг бөхчүүдийн нэг Н.Золбоо 2008 онд 18 настайдаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2011 онд Дархан хотод зохион байгуулсан үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах барилдааны дөрөвдүгээр байрын шагналтай. Тэгвэл аймгийн наадамд анх барилдсан жил нь 2013 он бөгөөд тухайн жилдээ шууд аймгийн заан болж байлаа. Харин дараа жил нь буюу 2014 онд өмнөх алдаагаа засч аймгийнхаа наадамд түрүүлэн арслан цолонд хүрчээ. Улмаар 2016 онд хоёр дахиа, 2017 онд гурав дахиа түрүүлсэн. Тэрбээр аймгийнхаа наадамд дөрвөн удаа түрүү, үзүүр булаалдахдаа гуравт нь манлайлжээ. 2014 онд аймагтаа түрүүлснээс хойш олны танил болохын зэрэгцээ улсын цолонд ойрхон бөхийн тааварт багтсаар ирсэн билээ. Өнгөрсөн жилийн баяр наадам хонгор нутгийнханд ээлтэй байж хоёр шинэ цолтон төрсний нэг нь харцага Н.Золбоо юм. Тэрбээр 97 жилийн ойн баяр наадамд улсын харцага Б.БатӨлзийгөөр тав, нутгийн бөх цэргийн арслан Д.Цэрэнтогтохоор зургаа давж шөвгөрөн харцага цол хүртсэн. Харин энэ удаад заан цолны төлөө зүтгэж буй. Цолондоо хүрэх магадлалтай гэж олон хүн харж байна. Чөлөөт бөхөөр хичээллэдэг түүний хувьд ДАШТ-д оролцох боломжгүй болсон учраас улсын наадамд гол анхаарлаа хандуулж байгаа бололтой. Харцага Д.Батболдын удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаасан уран барилдаант, угсраа мэхт Н.Золбоогийн аз, од хэрхэн гүйхийг харахад найм хоног үлдлээ.
Улсын харцага Б.Бат-өлзий
2016 онд улсын цолны босго алхсанаас хойш бөх сонирхогчид түүнийг жил бүр цолоо ахиулна хэмээн харж байсан. Гэвч 2017, 2018 оны наадам Б.Бат-Өлзий харцагыг ивээгээгүй. Тэгвэл тэр өнгөрсөн жилийн наадмаас хойш тусгай бэлтгэл хийхийн сацуу барилдааны арга барилаа сайжруулахын тулд нутгийнхаа бөхчүүдээс тусдаа бэлтгэлээ базаасан. Энэ удаад “Хантайшир”-ын бөхчүүдтэй бэлтгэл хийж, тус дэвжээний бөхчүүдийн арга барил, туршлагаас суралцжээ. Магадгүй дотроо нэгийг бодсон биз. Заалны барилдаанд хүчтэй, дайчин барилдаж байгаа түүнийг заанаар тогтохгүй цолонд хүрэх магадлалтай гэж харж байна. 2014 оны наадамд төрсөн нутаг болох Ховд аймгийнхаа наадамд зодоглосон ч үзүүрлэж заан цол хүртэв. Гэвч тухайн жилдээ Орхон аймгийн наадамд барилдан түрүүлж аймгийн арслан болж олны анхааралд өртөж байлаа. Олон ястны өлгий Ховд нутгаас шинэ цолтон төрөх цаг болсон гэж нутгийн ахмад бөхчүүд ярьж байна билээ. Тэгвэл хамгийн өндөр магадлалтай хоёр харцагын нэг Б.БатӨлзийг төрийн есөн хөлт тугийг долоо тойроод гүйхэд гайхаад хэрэггүй.
Улсын харцага М.Бадарч
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Т.Мөнгөнцоожоор гурав, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат заан Б.Соронзонболдоор дөрөв, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат гарьд Ж.БатЭрдэнээр тав, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат начин Ч.Батчулуунаар зургаа давж харцага цолонд хүрсэн М.Бадарчийг онцолж байна. 2012 онд аймгийнхаа наадамд түрүүлснээс хойш гурван жилийн дараа улсын цолны өндөр босгоор алхахаасаа өмнө төрийн наадамд хоёр ч удаа дөрөв давсан тул 2017 оы наадмаар улсын цолтны эгнээнд зүй ёсоор багтааж байсан. Тэр нь ёсоор болж нутгийн ах Т.Мөнгөнцоож замыг нь зассанаар харцага цолонд хүрсэн билээ. Түүний хувьд 2014 онд улсын аварга О.Балжиннямаар дөрөв давсан ч улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. Харин 2015 онд заан Б.Соронзонболдоор дөрөв давсан ч арслан Э.Оюунболдод уналаа. Улмаар 2016 онд Ц.Мягмарсүрэн заанаар гурав даваад дөрөв дээр Ц.Содномдорж арсланг дийлээгүй юм. Ингээд 2017 онд санаснаа гүйцээж цолтны эгнээнд багтсан бол өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд хурц арслан Б.Эрдэнэхүүд өвдөг шорооджээ. Энэ жилийн хувьд тэр онцгой байгаа. Од нь гийвэл заанаар тогтохгүй.
Улсын начин Д.Анар
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анарыг хүн бүр онцгой байгаа хэмээн шагшиж буй. Тиймээс түүнийг начин цолтнуудаас ганцаараа цойлж мэднэ гэж тааварлажээ. Харцага, заан, гарьд, магадгүй түрүүлж ч мэдэх бөхийн тоонд нэрлэсэн нь цаанаа л учиртай. Заалны барилдаанд тогтмол шөвгөрч буй Д.Анар начин хамгийн сүүлд л гэхэд улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго барилдаанд түрүүлж өөрийнхөө өнгийг харуулсан. Ямар ч байсан харцага бол энүүхэнд. Зааны энтэй гэж яригддаг Д.Анар начин 2015 оны наадамд дөрөв давсан ч тав дээр улсын гарьд Н.Ганбаатарт тахим буулгалаа. Гэвч дараа жил нь буюу 2016 онд алдаагаа засч тавын даваанд харцага Ш.Мөнгөнбаатартай тунаж начны болзол хангасан бол зургаа дээр харцага Б.Бат-Өлзийтэй тунаж өвдөг шороодсон юм. Начингуудаасаа тэр ганцаараа цойлж мэднэ.
Улсын начин Б.Даваа-Очир
Хоймор нутгаас хоёр хүчтэй начин барилдаж буйн нэг нь Б.Даваа-Очир. Өнгөрсөн жилийн наадмын бөхийн барилдаанд 512 бөх барилдахад Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхөөр тав давж начин цолны босго давсан түүний хувьд наадмаас наадмын хоорондох барилдаанд нэлээд хэдэн удаа шөвгөрчээ. Хамгийн сүүлд л гэхэд Ш.Ванчинхүү арслангийн нэрэмжит наадмын сорилго барилдаанд их шөвөгт шалгарсан амжилттай. Тэрбээр 2014 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд 512 бөх барилдахад даван аймгийн заан цол хүртсэн ч Монголын үндэсний бөхийн холбооноос хүчингүйд тооцон нэг даваа ухраан амжилтыг нь тооцсон билээ. Улсын арслан Х.Мөнхбаатарын шавь гэгддэг тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд тусгай бэлтгэл хийсний ачаар барилдааны ур чадвар, агуулга эрс өөрчлөгдөж сайжирсан тухай ахмад бөхчүүд, бөх тайлбарлагчид онцолдог юм.
Улсын начин Ч.Хөхчирэнгэр
2016 онд улсын начин Ж.Чулуунбатаар тав давж начин болсон. Тэр цагаас хойш барилдаан нь алхам алхмаар сайжирсан ч түүний хувьд санасандаа хүрч чадаагүй л байна. Ч.Хөхчирэнгэр начны гол зорилго нь заан цолонд хүрэх. Тэгвэл энэ жил нэг алхам урагшилж магадгүй. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд өвдөг шороодсон ч харцага А.Цацабшираас допингийн төрлийн бодис илэрч, улмаар хэд хоногийн өмнө Баяр наадмын комисс албан ёсны шийдвэрээ танилцуулан Ч.Хөхчирэнгэрт чимэг олгосон. Энэ нь түүний наадмын амжилтад эерэгээр нөлөөлж харцага, цаашлаад заан цолонд хүрч мэднэ.
Улсын начин Б.Серик
Монгол орны баруун хязгаарт орших БаянӨлгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд тун одтой наадах болсон. 2016, 2017 онд дараалан 35 жил хүлээсэн улсын цолтноо хүлээж авсан бол энэ удаа харцага, заан цол горилж суугаа. Энэхүү аймгаас улсын цолтой долоон бөх байдаг. Ингэхдээ нэг заан, нэг харцага, таван начинтай. Тэгвэл Улаанхус сумын харьяат улсын начин Б.Серик цолоо ахиулахаар зүтгэж бэлтгэл нь жигдэрчээ. Сорилго наадмуудад тун сайн барилдсан тэрбээр өнгөтэй, бас бэлтгэл сайтай байгаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд барилдааны ур чадвар нь эрс дээшилсэн бөгөөд энэ жил цолоо ахиулах бөхийн тоонд зүй ёсоор багтаж буй. Ер нь өлгийн хүчтэнүүд 98 жилийн ойгоор одтой наадаж мэдэхээр байгааг онцлох нь зүйн хэрэг.
Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү
Аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүгийн аав Дорждэрэмийн Болд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Баянхонгор аймгийн баяр наадамд 1989, 1994 онд түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой бөх юм. Тэгвэл түүний хүү Б.Эрдэнэхүү өнгөрсөн жил төрийн наадамд гурав дахь удаагаа дөрөв давсан ч тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсоноор начин болох найдвар тасарсан байдаг. Гэвч үүнээс хойш гурван сарын дараа улсын гарьд Н.Ганбаатар тэргүүтэй гурван бөхөөс допинг илэрсэн бөгөөд Б.Эрдэнэхүү хурцад начин цолыг нөхөн олгох нь тодорхой болсон юм. Харин хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал байлаа. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө баяр наадмын комисс хуралдахдаа Ч.Хөхчирэнгэрт чимгийг нь олгож, харин Б.Эрдэнэхүүд начин цол олгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлжээ. Ямартай ч тэр Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаас өмнө начин цолны үнэмлэх, тэмдгээ гардах байх. Магадгүй энэ жил начингаа давуулж харцага цолонд хүрэхийг үгүйсгэхгүй. Бэлтгэл жигдэрч, тун сайн байгааг “Хонгор нутаг” дэвжээний дасгалжуулагч онцолсон юм.