Баян-Өлгий аймгийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай өчигдөр Ховд голд живж буй иргэнийг аврахаар ус руу ороод тухайн иргэний хамт харамсалтайгаар амь насаа алджээ.
Өчигдөр орон нутгийн цагаар 12 цаг цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэх дуудлага өгсний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын ус руу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.
Албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын амь насыг аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн баатарлаг үйлсийг бид мартахгүй хэмээн Цагдаагийн ерөнхий газраас эмгэнэл гаргажээ.