Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл зургадугаар сарын 28-29-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн шалгахад 28 настай эмэгтэй О, 19 настай эрэгтэй Т, 34 настай эрэгтэй Э, 21 настай эрэгтэй Т нар сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн хүмүүсийг орон байраар хангасан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.