СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-02

С.Баярын хэрэг “балрах” уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.ДАМДИН-ОЧИР

Дуулиан гардаг. Хэсэг хугацааны дараа дарагддаг. Ийм жаягтай. Гэхдээ мартаж болохгүй дуулиан гэж бас бий. Мартвал улсад хортой, ард түмэнд хөнөөлтэй байдаг юм. Ийм дуулианы нэг бол Ерөнхий сайд асан Санжийн Баярын хэрэг юм.

2015 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан мөнгө угаасан гэх баримтыг дэлгэсэн байдаг. Тэрээр 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалсан С.Баяртай холбоотой долоон хаусын зураг, баримтуудыг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. “…Уг баримтыг “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын залуус цуглуулж нэгтгэсэн. Тэд миний цахим хуудас руу илгээсэн” хэмээн Г.Уянга гишүүн мэдэгдэж байлаа. Мөн тэрээр “…Энэ мэдээллийг хараад надад бол итгэл үнэмшил төрсөн.  Golomt.org сайтын залуусын олсон баримт болох долоон үл хөдлөх хөрөнгө нийтдээ 12 сая орчим доллар буюу 24-25 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ. Эдгээрийг Америкт эзэмшдэг тухай нэлээн бодитой, эх сурвалжтай, баталгаатай мэдээллүүд явуулжээ. Бодвол үүнийг намайг дэлгээсэй гэж хүссэн байх” гэж байв.

Түүний задалсан баримт тус бүр хоёр хэсгээс бүрдсэн байв. Байшин худалдаж авсан, зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байлаа. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажжээ.

Тухайлбал, Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай баримт,  үүнийг нь Нью Йорк хотын Бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр /2007-12-11/, бүртгэлийн хураамж 67 ам.доллар төлсөн, өргөдлийн хураамж гэж 75 ам.доллар төлсөн, Нью Йорк хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар гэж 12986.51 ам.доллар, Нью Иорк мужийн үл хөдлөхийн татвар гэж 3646 ам.доллар төлсөн баримтууд, 2-7дугаар  хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар, 9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан, есдүгээр хуудсан дээр арилжааны нийт дүн 911333 ам.доллар гэх баримтууд байсан гэв. Энэ бол С.Баяртай холбоотой долоон хаусны ганцынх нь л баримт байлаа. Харин тухайн үед  С.Баяр энэ талаар “…Худал, холбогдох байгууллагад нь шалгуулна” гэж мэдэгдсэн юм.

АТГ ч шалгасан. Дээрээс нь нэмээд, үүнээс жилийн дараа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумын задалсан Панамын баримт бичигт байсан Монголын оффшор данстай нөхдүүдийн дунд С.Баярын хоёр охины нэр гарч ирсэн. Мөн С.Баярын хауснуудыг нааш нь цааш нь болгож байсан “Петровис”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ч.Давааням, түүний эхнэрийн данс бас илэрсэн.

Харин АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд С.Баярыг баривчилж, 461 дүгээр ангид хорьсон. Маргааш нь албан ёсны мэдээллийн сайтдаа “…Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг  батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан шалгаж байна. С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээлж байв. Ингээд С.Баярыг хоёр сар хориод 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр сулласан байдаг.

Үүнээс хойш шалгалтын ажиллагаа үргэлжилсээр, С.Баяр улс төрийн амьдралд ч түлхүү оролцох болсон талаарх мэдээлэл яригдах болоод байгаа юм.

Мөн зэрэгцээд Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй байгаа тухай тал бүрийн хяналт шалгал, ажлын хэсгийн дүгнэлт олон нийтийн дунд, УИХ дээр, сүүлдээ олон улсад асуудал тариад эхэллээ.

АТГ-ынхан 2019 оны зургадугаар сарын 25-нд ээлжит мэдээллээрээ “…С.Баярын хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж мэдэгджээ. Түүнээс хойш долоо хонов. Тэд С.Баярын хэргийг “хөдөлгөөгүй” байна.

Уг нь дор хаяж бүтэн дөрвөн жил шалгачихсан, нотлох баримтуудаа хөдөлгөөнгүй бүрдүүлж чадсан байх ёстой Ерөнхий сайд С.Баярт холбогдох хэрэг АТГ дээр яагаад “гацаад” байгаа нь анхаарал татаж байна.

Нам нь эрх барьж байгаа, журмын нөхөд нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний алба хашиж буй зэргээр дулдуйдаад энэ хэрэг “балрах” вий гэх болгоомжлолыг хэн бүхэн сануулах болов.

Учир нь дээр хэлснээр Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй, бүр халтай болох нь нотлогдчихсон. С.Баяр энэ гэрээний дараа холын Америкт хэд хэдэн хаустай болж, охидынх нь оффшор дансыг олон улсын сэтгүүлчид илрүүлчихсэн. Ийм л хэрэг юм.

2019.7.2  МЯГМАР  №132  (6099)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.