СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-02

Улстөрчдийн рейтингид “алтан гурвалжин” тогтов уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Дорж

Улс төрийн рейтинг тогтоодог МЕК компаниас өнгөрсөн зургадугаар сарын судалгааны дүнгээ танилцуулжээ. Судалгааны дүнгээр ганцхан УИХ-ын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ өссөн. Эсрэгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ буурсан байна. Энэ удаад нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 712 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулжээ. Иргэд юу гэж дүгнэснийг тоймлон хүргэе.

ИРГЭДИЙН ОЛОНХ АЛЬ НЭГ НАМЫГ ДЭМЖИХГҮЙ ГЭЖЭЭ

Энэ удаагийн судалгаанд оролцсон иргэдийн олонх буюу 58 хувь нь аль нэг улс төрийн хүчнийг дэмждэггүй гэж хариулжээ. АН хамгийн өдөр дэмжлэг авсан ч ердөө 14 хувьтай гарав. Ардаас нь МАН 13 хувь, МАХН есөн хувь, жижиг намууд нийтдээ зургаахан хувийн дэмжлэг авсан байна. Ерөнхийдөө улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл хангалтгүй хэвээр байна. Хамгийн өндөр үнэлгээ авсан АН-ын хувьд Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахыг шаардсан нь өндөр оноо авахад нөлөөлсөн болов уу. Хэдийгээр рейтинг нь 30 гаруй улс төрийн хүчнийг тэргүүлж буй ч нам доторх уур амьсгал таагүй байгаа. Тус намын дарга С.Эрдэнийг эсэргүүцэгчид дотроосоо гарах болсон. Түүний нэр “Капитал” банкны дампууралтай холбогдож эхэлсний дээр хүүдээ нам тасдаж өгсөн зэрэг мэдээлэл хөвөрч байна. Тухайлбал, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний П.Галиндэв тэргүүтэй залуус “АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нар намын удирдлагад гарснаасаа хойш МАН-ын эрх ашгийн төлөө үйлчилж эхэлсэн.

МАНАН бүлэглэлийнхээ эрх ашгийг улайран хамгаалах явцдаа УИХ-ын хоёр гишүүнээ хөөж, АН-ыг парламентад бүлэггүй болгосон. Сүүлдээ О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөл гэгчид нь орох өргөдөл өгсөн болоод нөгөөхийг нь С.Эрдэнэ хүлээж авлаа гээд жүжиг тоглолоо. Л.Болд гишүүнийг хөөж явуупчихаад оронд нь О.Баасанхүүг гуйж авчирна гэдэг эмгэнэл” хэмээгээд С.Эрдэнийг огцруулах шаардлага тавиад байгаа юм.

Тэгвэл эрх баригч МАН-ын дотоод хагарал одоо ч үргэлжилсээр байгаа. Мөн нэр бүхий олон гишүүн холбогдсон “ЖДҮ”-ийн асуудал шийдэгдээгүй, төрийн албан дахь халаа сэлгээ нь одоо ч үргэлжилсээр байна. Өнгөрсөн сард эрх баригчдын зүгээс Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх арга хэмжээ авсан талаар мэдээлэл рейтингийг нь унагах гол үндэслэл байсан. Ер нь сөрөг хүчний рейтинг өндөр байж, эрх баригчдын үйл ажиллагаа тааруу дүн авдаг бичигдээгүй хууль үйлчилж байна гэж үзэж болно.

Улс төрийн гуравдагч хүчин болох МАХН-аас Хэнтий аймаг дахь нөхөн сонгуульд намын дарга Н.Энхбаяраа сойсон ч эрх баригчид сонгууль хийх сонирхолгүй байна гэх мэдээлэл түгээсэн нь нийгэмд хүчтэй хүрсэн. Тиймээс өнгөрсөн сарын рейтинг нь өсөлттэй гарахад нөлөөлсөн байх магадлал хамгийн өндөр. Иргэдээс харьцангуй бага дэмжлэг авдаг жижиг намуудын тухайд бол рейтинг нь нэг хувиар буурчээ. Гэхдээ энд нэг зүйлийг мартаж болохгүй. Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад, сонгуулийн бус жил иргэдийн улс төрийн идэвх, оролцоо сул байсаар ирсэн. Харин сонгуулийн жил иргэдийн улс төрийн идэвх нэмэгддэг учраас дагаад намуудын рейтинг өсдөг дүр зураг бий. 2018 оны нэгдүгээр сард судалгаанд оролцсон иргэдийн 70-аад хувь нь аль нэг намыг дэмждэггүй гэсэн хариулт өгч байсан удаатай аж.

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ РЕЙТИНГ ГУРВАН САР ДАРААЛАН БУУРАВ

Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд иргэдийн зүгээс өгсөн үнэлгээ өмнөх сарынхаас 0.2 хувиар унажээ. Үүнд олон нийтэд илт анзаарагдах үйлдэл хийгээгүй нь нөлөөлсөн талаар МЕК онцолсон байна. Иргэдээс Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ 2017 онд хамгийн өндөр байсан бөгөөд түүнээс хойш буурсаар байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хувьд ч бүрэн эрхийнхээ эхний жилүүдэд өндөр дэмжлэгтэй байсантай ижил гэж үзэж болохоор байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын гол өрсөлдөгч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны өгсөн иргэдийн үнэлгээний хувьд өнгөрсөн сард 0.5 хувиар буурчээ. Түүнийг хүлээлтэд хүрч ажиллаж чадаагүй, мах шатахууны үнэ өссөн, гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг гэж дүгнэсэн байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард хамгийн өндөр дэмжлэг буюу 6.2 хувийн үнэлгээ авч байжээ. Улмаар энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга үйл ажиллагаа нь таалагдсан улстөрчдийг тэргүүлсэн байна. МЭК-ийн судалгаанаас харахад Х.Баттулгын рейтинг 2017 оны гуравдугаар сараас хойш огцом өсөж, улстөрчдөөс “тасархай” түрүүлсээр ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын рейтингээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс дээгүүр үнэлгээ авсан байдаг. Тэгвэл энэ удаагийн үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж, түүний араас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ бичигджээ.

Харин Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравт эрэмбэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн рейтингид “алтан гурвалжин” тогтсон бололтой. Тэдний араас УИХ-ын Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар жагсжээ. Уг жагсаалтад тогтмол дээгүүр байр эзэлсээр ирсэн С.Жавхлан болон Ж.Батзандан нар энэ удаад хасагдсан гэдгээрээ онцлогтой гэж болох юм.

Түүнчлэн судалгаанд зарим УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээгээр нь жагсаасан байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хол тасархай тэргүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар өндөр үнэлгээ авчээ. Тэдний дотор ганц эмэгтэй гишүүн байгаа нь З.Нарантуяа бөгөөд иргэд түүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч өндөр үнэлгээ өгсөн байна. Дашрамд дурдахад, нийслэлийн 1.5 сая иргэний асуудлыг шийддэг хотын даргын рейтинг мөн л 0.2 хувиар унасан байна. Иргэдийн хүлээлтэд хүрч ажиллаагүй, замын шар хашааны дуулиан дэгдсэн, туулын бургасыг хядсан зэрэг шуугиан иргэдийн зүгээс түүнд өгөх үнэлгээнд сөргөөр нөлөөлжээ. Хотын дарга С.Амарсайханы үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард хамгийн өдөр байсан ч хотын өмнөх дарга С.Батболдын оргил рейтингид хүрээгүй. Түүгээр ч зогсохгүй харьцангуй богино хугацаанд буюу гурван сар дараалан уналаа.

ИРГЭДИЙН 63 ХУВЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

УИХ-ын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээ ганцаараа өссөн үзүүлэлттэй байгаа. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар болсон зэрэг нь иргэдийн зүгээс эерэг үнэлгээ авахад нөлөөлжээ. Энэ удаад УИХ-ын 63 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг судалгаанд оролцсон 712 иргэний 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Нөгөө талаар “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар та хангалттай мэдээлэлтэй юу” гэдэг асуултад иргэдийн 46 хувь нь “Тийм ч сайн мэдэхгүй”, 33 хувь нь “Огт мэдэхгүй”, 12 хувь нь “Сайн мэднэ”, ердөө есөн хувь нь л “Маш сайн мэднэ” гэж хариулсан нь анхаарал татаж байна. МЕК-ийн судалгаагаар УИХ-ын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ 2018 оны арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй долоон сар дараалан өсөөд байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.