Дайн байлдааны хөлд нэрвэгдээд буй Йемень Улсад энэ он гарснаас хойш булчин задрах тахал буюу холер өвчний халдвар авсан хүний тоо хагас саяас даваад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Тус байгууллагаас өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Йеменьд дөрвөн сарын өмнөөс дэгдэж эхэлсэн булчин задрах тахлаар 503848 өвчилсний 1975 нь нас баржээ. Халдвар авагсдын тоо өдөрт 5000-аар нэмэгдэж байгаа аж. Засгийн газрын хүчнийхэн болон исламын босогчдын “Хусит” бүлэглэлийн хооронд хоёр жилийн өмнө дайн дэгдсэнээс хойш тус улсын эрүүл мэнд, ундны усны болон бохирын байгууламжууд эвдэрч сүйтгэгдсээр байна.
Холер буюу булчин задрах тахал бол бохир ус, хоол хүнсээр дамждаг, цаг агаар дулаарах үед тархалт нь идэвхждэг өвчин юм. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин задрах тахал туссан тохиолдолд яаралтай эмчлэх арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай. Холерын тархалт ингэж хүрээгээ тэлж байсан тохиолдол дэлхийн түүхэнд үүнээс өөр байхгүй аж. Энэ өвчний тархалтыг дарахад туслахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.